СЭЛЭНГЭ: Шилжин суурьшигсад болон уугуул иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны
хөгжлийн бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уялдаа
холбоо, зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах. Мөн Улаанбаатар хотоос
орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр шилжилт
хөдөлгөөний бодлого зохицуулалт, шилжин суурьшигчдад ээлтэй төрийн үйлчилгээний
талаарх сургалтыг Сэлэнгэ аймагт зохион
байгууллаа.
"Шинэ сэргэлтийн
бодлого"-ын хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт, Төрийн
бүтээмжийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Эрчим
хүчний сэргэлт зэрэг зургаан асуудлыг тусган хэрэгжүүлж байгаа аж.
Шинэ сэргэлтийн
бодлогын хүрээнд дэвшүүлж байгаа нэг гол зорилт бол хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт
хөдөлгөөнийг дэмжих, хүн амын харьцангуй байршил, тархалтын үндсэн дээр нийгэм,
эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах ерөнхий зорилт дэвшүүлж байгаа ажээ.
Тус сургалтын үеэр Аймаг, орон
нутгийн хувьд шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулах, шилжин суурьшигсдын
хүлээн авах ямар боломж, зам байгаа сэдвээр хичээл заасан Удирдлагын академийн
Улсын салбарын удирдлагын тэнхмын эрхлэгч Б.Нарантулгатай ярилцлаа.
Тэрээр:”-Аймгуудад хийгдэж байгаа нэг томоохон ажил бол
аймаг, орон нутаг бүхэн судалгаан дээр суурилан, өөрийн орон нутгийн онцлогт
тулгуурлаад нээлттэй аймаг нэртэй, шилжин суурьшигчдыг нэг талаас татах. Нөгөө талаас
суугуул иргэдээ тогтоон барих бодлогыг боловсруулаад 2024 он хүртэл
хэрэгжилтийг нь хангаж ажиллах чиглэлтэй явж байна.
Энэ зүйл
маань Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан ажлын хэсгийн хүрээнд
хийгдэж байгаа. Энэ ажлын хэсгийг БХЯ-ны дэд сайд Баярмагнайгаар ахлуулсан бүх
яамдын дэд сайд нар оролцсон баг ажиллаж байна. Харин орон нутагт аймгийн Засаг
даргын орлогчоор ахлуулаад аймгийн ЗДТГ-ын дарга нарийн бичгийн даргаар ажиллах
том баг бий.
Өнөөдрийн
сургалт үндсэндээ хоёр модул сургалт боллоо. Эхнийх нь шилжилт хөдөлгөөний
бодлого зохицуулалт нэртэй. Өөрөөр хэлбэл орон нутгийн бодлого тодорхойлох
түвшинд ажиллаж байгаа хүмүүст ер нь энэ шилжилт хөдөлгөөний асуудлыг бид
яагаад бодлогын түвшинд тавих ёстой юм.
Аймаг, орон
нутгийн хувьд шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулах, шилжин суурьшигсдыг
хүлээн авах ямар боломж, зам байна гэдэг дээр миний бие хичээл заалаа.
Үдээш хойш
болохоор шилжин суурьшигчидтай ажиллаж байгаа албан хаагчдад зориулсан шилжин
суурьшигсдад ээлтэй төрийн үйлчилгээ гэдэг хичээл орлоо.
Шилжин суурьшигсад
болон уугуул иргэддээ үзүүлэж байгаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, замаар
шилжих хөдөлгөөний урсгалыг аль болох хязгаарлах чиглэлд төрийн үйлчилгээ маш
чухлаар тавигдаж байгаа” хэмээн ярилаа.
Сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.
Сургалтад бодлого боловсруулахад оролцдог мэргэжилтнүүд, шилжин
суурьшигчдад мэдээлэл өгч ажилладаг нийгмийн ажилтан, улсын бүртгэгч,
мэдээллийн ажилтнууд хамрагдлаа.