Зөвлөлдөх санал асуулгын Түүврийн анхан шатны нэгжийг өнөөдөр 13.30 цагт сонгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос Зөвлөлдөх санал асуулгын Түүврийн анхан шатны нэгжийг өнөөдөр 13.30 цагт сонгоно.
Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан. Зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай явагдана. Нэг дэх үе шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас нь,
-зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэний талаарх хүн ам зүйн мэдээлэл;
-зөвлөлдөх санал асуулгын үндсэн асуулт;
-асуулт нэг бүрээр санал тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.
Уг санал асуулгын нэг дэх шатад Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй. Оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно. Хоёр дахь үе шатанд нэг дэх шатад оролцсон иргэний 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон, шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах юм. Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатад санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авах аж.