СЭЛЭНГЭ: ”ЭММАА” салон Сэлэнгэ нэрийг гаргасан монгол брэндийг хэрэглэгчдэдээ хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ”ЭММАА” салоны захирал Мягмарсүрэнгийн Энхмаа монгол үндэсний
дээл хувцсыг орчин үеийн загвартай хослуулан урлаж, түүнийгээ орон нутгийн
нэрийн брэнд болгон хөгжүүлэх алс хэтийн том зорилгыг өмнөө тавьжээ.
Энэ бол хилчин бүсгүйн хүүхэд насны мөрөөдөл аж. Түүнийг салоныхаа үүдийг
нээхэд дэлхий нийтийг цочроосон цар тахал дэгдсэн үе байжээ. Гэвч эх орноо
хамгаалах их үйлсэд өөрийн хөдөлмөр, зүтгэлээ зориулж, тэсвэр, хатуужлыг олж
авч, эх оронч сэтгэлийг чин зүрхэндээ тээж, юунаас ч шантрахгүй зориг тэвчээрт
суралцсан нь түүнд шийдвэртэй алхам хийхэд нөлөөлсөн байна.
Үйл ажиллагаагаа эхлээд 2 жил болж байгаа ч өнөөдөр эднийх хөвөнтэй,
тэрлэг, дан дээл, куртикан дээл, монгол цамц, хүүхдийн дээл, хантааз, 2 талаараа
өмсдөг эко үстэй хантааз, монгол загварын төрөл бүрийн малгай гээд
олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Энэ бүхнээ шинэлэг өнгө, загварын
сонголтоор үндэсний өв уламжлалаа шингээн оёдгоороо онцлогтой юм.
Мөн үндэсний дээл, хувцаснаас гадна орон нутгийн бизнес эрхлэгчидтэйгээ
хамтран ажиллаж, ажлын хувцас, ширээ сандлын бүтээлэг урладаг байна.
Орон нутагтаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр хичээл зүтгэл гарган
хөдөлмөрлөж яваа тус хамт олныг аймаг, орон нутгаас дэмжиж, “Шилдэг хувцас үйлдвэрлэгч”-ээр шалгаруулан
өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан нь тэдэнд улам их хүчийг өгчээ.
Ингээд завгүй их ажлынх нь үеэр цөөн хором ярилцлаа.
М.Энхмаа: Хийнэ, бүтээнэ гэсэн сэтгэл маань бүхнийг дийлдэг
-Ковидын хөл хориотой, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байсан үед
салоноо нээжээ. Бас их том зорилго, зориг гаргажээ?
-Тийм ээ. Маш
хэцүү үе байсан гэхдээ зорилго байхад асуудлыг давах арга олдолгүй л яахав.
Хамгийн гол нь сонгосон ажлаа тууштай, чанартай хийхэд л болно гэж боддог.
-Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна. Үүний цаана мэдээж цалин, нийгмийн
асуудал гээд зөндөө л шийдвэрлэх зүйлүүд бий шүү дээ?
-Манайх тогтсон
3 ажилтан, гэрээрээ ажил авч хийдэг 2
хүн, ингээд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэдээж хийснээрээ цалинждаг.
Бүх зүйлээ үнэлгээ тогтоогоод хийдэг. Ажил тасардаггүй учраас цалингаа тасалдуулахгүй
болоод л байна. Дандаа эмэгтэй хүмүүс болохоор үр хүүхэд, гэр орны ажил гээд
асуудал их гардаг л даа. Заримдаа ажил ихтэй, амжихгүй үед орой уртасгасан
цагаар ажиллах үе их гарна. Ямар ч байсан зохицуулаад ажилчдынхаа цалинг
хугацаанд нь таслахгүй өгдөг.
-Энэ гоё уран шаглааг хэнээс өвлөв?
-Энэ ажил маань
миний багийн мөрөөдөл байсан. Мэдээж аав, ээж, өвөө, эмээ гээд миний ойр дотны
хүмүүс маань гарын уртай, хөдөлмөрч хүмүүс байсан. Би эмээ шигээ уран хүн болно
гэж боддог байсан. Миний эмээ их уран хүн байлаа.
-Хилчин бүсгүй зорилгоо тэс өөр зүйлд хандуулсан байна. Тэс өөр мэргэжлийн
хүн гэнэт оёдол, эсгүүр гээд ондоо ертөнц рүү ороод явчих сонин санагдаж байна.
Өөрийн эзэмшсэн мэргэжил?
-Уг нь миний
өөрийн мэргэжил бол дизайнер шүү дээ. Аав, ээж маань цэргийн хүн болгох
сонирхолтой байсан учраас би ХЦ-т алба хааж, ажиллаж байгаад цэргийн
тэтгэвэртээ суугаад, улсаас авсан мөнгөөрөө энэ үйлдвэрлэлээ гардан үүсгэн
байгуулаад явж байна. Одоо л жинхэнэ мэргэжлийнхээ ажлыг гардан хийж байна даа.
-Монгол уламжлалт дээл хувцсыг ингэж гоё орчин үеийн загвар хийцтэй
уялдуулан хөгжүүлнэ гэдэг өөрөө өв соёл юм. Уламжлалт дээл хувцас бол их түүх, соёлыг хадгалдаг шүү дээ?
-Тийм шүү. Энэ
ч утгаараа монгол үндэсний хувцас хэзээ ч мода, загвараа алдахгүй, хэзээ ч
хуучрахгүй хувцас. Ийм болохоор аль болох үндэсний хувцсаа хэв маягийг нь
хадгалж үлдээх, чанар байдалд нь маш их анхаарч ажилладаг.
-Маш олон төрийн бүтээгдэхүүн оёсон харагдана. Өөрийн тань бүтээлүүдийн загвар дизайныг
хэн гарган урлаж байна вэ?
-Одоохондоо
бааз суурь маань сайн бэхжиж хараахан амжаагүй учраас бүх зүйлээ өөрөө хийж
байна. Загвараа гаргана, өөрөө эсгэх гээд. Удахгүй дизайнер, эсгүүрчин гээд баг
хамт олноо нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Харин манай оёдолчид ёстой чадварлаг,
мундаг бүсгүйчүүд байгаа.
-Заавал Улаанбаатар орж байж загварлаг, гоё хувцас олж өмсөх гэсэн бодол
ард хоцорчээ. Хөдөө орон нутагт гологдохооргүй загвар, хийц өргөн сонголттой,
чанартай хувцсыг үйлдвэрлэнэ гэдэг маш их зүтгэл шаардах байх?
-Манай Сэлэнгэд
оёдолчид цөөхөн байдаг. Хэрэглэгчид ихтэй. Иймд бид ажлын байр, оёдолчдын тоог
нэмэгдүүлж, чанартай бүтээлүүд хийхийг зорьж яваа. Манай хамгийн гол давуу юм
гэвэл оёсон бүтээлүүдээ зарах өөрийн дэлгүүртэй байгаагаараа онцлог. Орон
нутгийнхан маань одооноос сайн мэдэж, бас их олзуурхаж, ам сайтай байдаг шүү.
-Орон нутгийн онцлог юу байна. Борлуулалт хэр байдаг вэ?
-Манай аймаг
хүн ам цөөтөй юм уу худалдан авалт бол тааруухан. Захиалгын ажлаа хийж
хажуугаар нь онлайнаар зар лайв зэргээр л борлуулалт хийж байгаа. Заримдаа
борлуулалтаа бодохоор хотод ч юм уу Дарханд ч юм уу энэ чиглэлээрээ ажилламаар
ч юм шиг эргэлзэнэ. Гэхдээ одоохондоо танигдаж гүйцээгүй л байх шиг байна. Улам
хичээнээ.
-Хүмүүс захиалга нэлээд өгч байх шиг харагдсан?
-Захиалагч бол
их шүү нэг ирсэн хүн араасаа дагуултай л ирдэг үйлчлүүлэгчид маань ам сайтай.
Харин бид нар тэр чинээгээрээ чанараа эрхэмлэн дээдэлдэг. Цаашид хүчин чадлаа
нэмэгдүүлж, чанартай ажилчдаар хүрээгээ тэлнэ гэж бодоод яваа.
-Монгол хувцас хэзээ ч загвар хоцрохгүй гэдгээрээ онцлог болов уу?
-Тийм ээ. Монгол
үндэсний хувцас хэзээ ч мода хоцрогдоно гэж байхгүй. Бид үндэсний хувцасны хэв
маягийг нь хадгалаад уламжлал ёсоор нь хийхийг хичээдэг.
-Анх байгуулагдаад удаагүй ч гэсэн нэлээд амжилттай харагдана. Орон
нутагтайгаа хэрхэн хамтарч байна. Дэмжлэг, зээл тусламж авч чадаж байна уу?
-Миний хувьд
Сэлэнгэ аймагтаа оёдлын чиглэлээр зургаан жил ажиллаж байгаа. Харин салоноо нээгээд 2 жил болж байна. Урьд нь
төрийн тусгай албанд ажиллаж байсан. Тэр ажлынхаа хажуугаар гэрээр оёдлын ажлаа
хийж байсан. Янз бүрийн санхүүгийн тусламж энэ тэр бол аваагүй л байна. Тэр
зээл энэ тэр авах гэхээр их л олон нөхцөл шаарддаг юм билээ. Тэр шаардлагыг нь
одоохондоо бүрдүүлж чадахгүй л байна даа.
-Материалаа хэрхэн сонгож авдаг вэ? Үнийн өсөлт үйлдвэрлэлд тань хэрхэн
нөлөөлж байна?
-Яг салоноо
нээх үетэй давхцаад коронавирусний халдвар гарсан. Гадагшаа энэ тэр явж материал авч сураагүй.
Наймаачдын Монголдоо оруулаад ирсэн бараанаас онлайнаар л голчлон авч байна.
Багаар авдаг болохоор тэр болгонд явж чадахгүй. Захиалагчдын материалын
сонголтоос хамаараад 7 хоногт 2, 3 удаа материал захина. Бага багаар болохоор
жаахан зардал ихтэй. Гэхдээ хийнэ, бүтээнэ гэсэн сэтгэл маань бүхнийг дийлдэг
дээ.
-Үндэсний өв соёл болсон дээл хувцсаа орон нутагтаа үйлдвэрлэж, орон
нутгийн брэнд болгон хөгжүүлэхээр зорьж буй цаашдын зорилгоосоо хуваалцахгүй
юу?
-Санасан бодсон
зүйл их л байна. Брэнд бүтээгдэхүүн гэхээр мэдээж чанар маш ихээр шаардана. Мөн
хаяг шошго, сав, баглаа боодол, эмблем гэх зэргийн маш их зүйл хэрэг болж
байгаа. Өөрсдийн боломж бололцоогоороо шошгоо ямар ч байсан шийдсэн. Цаашид үргэлжлүүлээд
төгс болгохоор хичээж байгаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.