Илон Маскийн талаар бичсэн зарим сэтгүүлчийн “Twitter” хаягийг хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /AP/. “Twitter” олон нийтийн сүлжээ АНУ-ын томоохон хэвлэлүүдийн хэд хэдэн сэтгүүлчийн хаягийг хаажээ. Энэ тухай хаягаа хаалгасан “The New York Times” сонины сэтгүүлч мэдээлсэн байна.
Түүнээс гадна “CNN”, “The Washigton Post”, "Voice of America" болон “The Intercept", "Mashable” цахим хуудсуудад ажилладаг сурвалжлагчид, мөн бие даасан хэд хэдэн сэтгүүлчийн хаягийг хаажээ.
Эдгээр сэтгүүлчийн хуудсууд руу хандахад олон нийтийн сүлжээний удирдлагаас "Twitter”-ийн дүрмийг зөрчсөн бүртгэлийг түдгэлзүүлдэг" гэсэн бичиг гарч ирж байгаа аж. “CNN”-ий онцолж байгаагаар, энэ арга хэмжээнд өртсөн сэтгүүлчид нь “Twitter”-ийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал болон уг нийгмийн сүлжээг 10 дугаар худалдаж авсан И.Маскийн талаар идэвхтэй сурвалжилж байжээ.
“Twitter”-ийн удирдлагууд лхагва гарагт мөн И.Маскийн хувийн нисэх онгоцыг бот ашиглан мөрдөж байсан хаягийг хаасан юм. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, уг хаяг нь Төв Флоридагийн их сургуулийн Жак Суини гэдэг оюутны 2020 оноос хойш хөтөлж байсан хаяг аж. Тэрбээр 150 мянга гаруй дагагчтай “Илон Маскийн онгоц” нэртэй твиттер хуудсандаа нислэг бүрийнх нь хугацаа, хаанаас хаа хүрсэн байршлыг дэлгэрэнгүй оруулдаг байжээ.
Хаягаа 5 мянган ам.доллароор устгахыг И.Маск 2021 онд санал болгосон боловч Жак Суини шан харамжийг 50 мянган ам.доллар болгож нэмэгдүүлэхийг шаардаж татгалзжээ. Суинигийн хэлснээр, дараа нь “Twitter”-ийн эзэн түүнтэй хэд хэдэн удаа холбогдохыг оролдсон байна.
“Аюулгүй байдалд минь эрсдэл учруулж байгаа нь олон нийтийн сүлжээний дүрмийг илт зөрчсөн хэрэг юм” гэж И.Маск дээрх хаягийг хаасантай холбогдуулан тайлбар хийхдээ мэдэгджээ. Хувийн мэдээллийг тараахтай холбоотой дүрэм бусад бүх хүмүүсийн нэгэн адил "сэтгүүлчдэд" ч мөн хамаатай" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.