Энэ онд дэлхий даяар 57 сэтгүүлч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /NHK/.
Энэ онд дэлхий даяар 57 сэтгүүлч
ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа амиа алдсан талаар олон улсын сэтгүүлчдийн
байгууллага мэдээллээ.
Парис хотноо
төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас лхагва гарагт гаргасан тайланд
дурдсанаар, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ны хооронд
бүртгэгдсэн дээрх үзүүлэлт өмнөх оныхоос есөөр нэмэгджээ.
Улс орнуудаар авч
үзвэл, Мексикт хамгийн олон буюу 11 сэтгүүлч, Украинд найман сэтгүүлч амиа
алдсан байна. 2022 онд амиа алдсан сэтгүүлчдийн тоо нэмэгдэхэд Украины дайн
нөлөөлсөн гэдгийг тайланд тэмдэглэжээ.
Мөн энэ онд 533
сэтгүүлч баривчлагдсан нь энэ талаарх мэдээллийг 1995 оноос эмхэтгэж эхэлснээс
хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Жагсаалтын эхэнд 110 сэтгүүлч
баривчлагдсан Хятад, 62 сэтгүүлч баривчлагдсан Мьянмар бичигдсэн байна. Харин
ОХУ-д 18 сэтгүүлч баривчлагдаад байна.
Хил хязгааргүй
сэтгүүлчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар тайландаа, “дарангуйллын, захиргаадалтын дэглэмүүд сэтгүүлчдийг хорих үзэгдэл урьд өмнөхөөсөө нэмэгдэж”
байгааг онцлоод, “сэтгүүл зүйн чөлөөт, хараат бус байдал, олон ургалч үзлийг
эрхэмлэгч хэн бүхэн эв санааны нэгдлээ харуулах” нэн шаардлагатай байгааг
тэмдэглэжээ.