СЭЛЭНГЭ: Шаамар сумын халаалтын асуудал хүндэрч, хөлдөх эрсдэл үүсээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-14 21:58:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж холбогдох албаны хүмүүсийн хамт Шаамар суманд ажиллаж, сумын төр төсвийн байгууллагуудтай шуурхай хуралдаан хийлээ.

 

Учир нь тус сумын халаалтын асуудал хүндэрч хөлдөх эрсдэл үүссэн бөгөөд үүнтэй холбоотой гомдол санал иргэдээс байнга ирсээр байгаа аж.  

 

Шаамар суманд халаалт дулааны үйл ажиллагааг 2 компани гэрээгээр гүйцэтгэдэг байна. Үүний нэг “Алтан билэг” компанийн хариуцаж байгаа байгууллагууд тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагын халаалт дулаан хангалтгүй, эрсдэлтэй нөхцөл үүсжээ.  

 

Уурын зуухнаас 60 хэмтэй дулаан гарахаас өнөөдрийн байдлаар гарч байгаа дулаан нь 24, буцах нь 22 хэмтэй байна.

Аймгийн Засаг даргын зүгээс сумын Онцгой комиссыг яаралтай хуралдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа дээрх аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, гарсан шийдвэрийг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.

相关新闻