СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймагт 5 аймгийн 21.6 мянган толгой мал отроор иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгуудтай
“Өвөлжилт, отор, нүүдлийн асуудал”-аар өнөөдөр цахим хурал хийлээ.
Хуралд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга
Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн,
ОБГ, ХХААГ, Мал эмнэлгийн дарга нар, сумдын Засаг дарга нар оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөө
аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга
хэмжээний тухай” 277 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг
даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 02
тоот албан даалгаврыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ жил Сэлэнгэ аймагт 1.9 сая толгой мал
өвөлжихөөр зохион байгуулалтын ажлыг хийж байна. Мал сүргийн 97 хувь нь дунд ба дундаас дээш тарга хүч авчээ.
Тус аймагт бусад аймаг орон нутгаас 5 аймгийн 21.6 мянган толгой мал
отор нүүдлээр орж ирээд байна. Эдгээр нь Орхонтуул, Сайхан,
Мандал суманд байгаа юм.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд
өвс, тэжээлийг 104.7 хувьтай бэлтгэжээ.
2022-2023 оны өвөл, хавар бэлчээрт
3993 инженерийн хийцтэй болон энгийн худаг ашиглах бөгөөд бэлтгэл бэлэн байдал,
өрхийн усан хангамж бүрэн хангагдсан байна.