СЭЛЭНГЭ: О.Мөнхбаяр:Татвар төлөгч том компаниудын үйл ажиллагаанаас аймгийн төсөв бүрэн хамаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга О.Мөнхбаяртай уулзаж, аймгийн төсвийн талаар ярилцлаа.
-Сэлэнгэ
аймгийн 2022 оны төсвийн талаар
мэдээлэл өгнө үү?
-2022 оны 9 сарын байдлаар төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр аймгийн төсвийн
орлого 86.3 хувь буюу 32.4 тэрбум төгрөг байна. Үүнээс аймгийн төсөв 10.8
тэрбум төгрөг буюу 69.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Сумдын төсвийн орлого 21.6
тэрбум төгрөг буюу 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
-Энэ жилийн төсөв нэлээд
онцлогтой болж байгаа гэж сонссон. Энэ талаар?
-Төсвийн тухайд энэ жил нэлээд
өөрчлөлт орсон. Тухайлбал төсвийн тухай хуульд, ялангуяа аймгийн төсвийн орлогын хувьд өөрчлөлт орсонтой холбогдуулан
аймгийн төсвийн орлогын гүйцэтгэл дээр нэлээд зохицуулах
асуудал үүсэж байгаа.
-Тодруулбал ямар асуудал
үүсэв. Сэлэнгэ аймгийн татварын гол ачааг үүрч явдаг ямар байгууллага байдаг
вэ?
-Ямар асуудал вэ гэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг аймаг бүрдүүлж
авдаг болсон. Үүнтэй холбогдуулан манай аймгийн хоёр том
татвар төлөгч буюу “Болд төмөр Ерөө гол”, “Бороо гоулд” компаниас
18 тэрбум төгрөгийн татвар авах ёстой ноогдол гарч
ирж байгаа. Гэтэл энэ хоёр компанийн эдийн засгийн нөхцөл байдал урд хил хаасантай холбоотой борлуулалтын орлого дутуу,
орлого төвлөрөлт тааруу байна. Мөн
нөгөө нэг шалтгаан нь 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль хэрэгжиж
эхэлсэн.
Иймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших ноогдол нь аймагт ордог.
Түүнээс өмнөх өр,
авлага нь улсад төвлөрөх ёстой. Гэтэл энэ жил
манайх 8 тэрбум төгрөг олох ёстой байсан орлого улсын төсөв рүү төвлөрөөд
нэлээд дутагдал үүсчихсэн байгаа. Энэ бол орлого дээр үүсээд байгаа нөхцөл
байдал.
-Үүнийг хэрхэн даван туулах вэ?
-Үүнийг хэрхэн даван туулах нөхцөл боломжоо бид тодорхой хэмжээгээр
гаргасан. Сангийн яамтай ярилцаж ойлголцоод, тохиролцоод байж байна.
Ирэх 12 дугаар сар гэхэд төсвийн орлого
хэвийн болж, зарлага дээр ямар ч байсан асуудал үүсэхгүй байхаар
төлөвлөн ажиллаж байна.
-Сумдын хувьд төсвийн орлого,
зарлага ямар байдалтай байгаа вэ? Өнгөрсөн хугацаанд ковидын нөлөөгөөр эдийн
засаг нэлээд уналтад орсон?
-Сумдын хувьд орлого асуудалгүй биелэхээр байгаа. Одоо 98.5 хувьтай, оны
эцэст 100 хувь даваад биелчих нөхцөл байдалтай байна. Тэгэхээр сумдад төсөв
хүндрэхгүй. Аймгийн
төсвийн хүндрэлийг Сангийн яамтай нийлээд яриад тодорхой арга хэмжээ авахаар
бэлтгэсэн.
Төсвийн зарлагын хувьд бид
бас орлогодоо барьж санхүүжилт гаргаж байгаа учраас төсвийн зарлагын тухайд
хүндрэл учрахгүй.
Цалингаа 100 хувь тавиад явж байна. Хөрөнгө
оруулалтын шаардлагатай зардлуудыг бүгд гаргаад
явж байгаа.
-Сэлэнгэ
аймаг улсад татаас авдаггүй, өгдөг онцлогтой.
Яагаад татаас авдаггүй юм бэ?
-Энэ онцлог бол 2022 оны
төсвөөс эхэлсэн гэсэн үг. 2022 оноос өмнө манайх улсаас татаас авдаг байсан.
Сая миний хэлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь аймагт
ирдэг болсноор аймгийн орлогын хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн үг. Үүнтэй
холбоотойгоор улс руу татаас төвлөрүүлдэг 5 аймгийн нэг болж байгаа юм.
2023 оны төсвийн хувьд бас ялгаа байхгүй манайх
татаас төвлөрүүлдэг аймгуудын нэг хэвээрээ. Урьдчилсан дүнгээр 3.4 тэрбум
төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдөж байгаа. Энэ нь эдийн засгийн нөхцөл
байдлаас шалтгаална. Гэвч
манайх татвар төлөгч 2 том компанийн үйл ажиллагаанаас
бүрэн хамаарсан ийм төсөвтэй л аймаг болчихоод байна.
-Цахим сүлжээнд
тавьсан аймгуудын төсвийн харьцуулалтаар 60 мянган хүн амтай Хэнтий 271 тэрбум, 110 гаруй мянган хүн амтай, улсын үр тариа, талхны 53, төмс, хүнсний ногооны 30 хувийг бэлтгэдэг, улсын экспорт импортын 30 гаруй хувийг нэвтрүүлэх хилийн хоёр том боомттой Сэлэнгэ аймаг 34 тэрбум байна. УИХ-ын гишүүд юугаа харж, бодож сууна вэ гэсэн мэдээлэл
тараад байсан. Энэ ямар учиртай тоо вэ?
-Тэр цахимаар яваад
байгаа асуудал бол манай аймагт өгч байгаа төсөв гэх нь хаашаа юм. Тус аймагт
оруулж байгаа хөрөнгө оруулалтын зардлыг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа хөрөнгө оруулалтаас Сэлэнгэ аймагт
хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт нь явж байгаа гэсэн үг.
2023 оны төсөв дээр нэг том
онцлог байгаа. Би эдийн засагч хүний хувьд ярихад төсөв дээр нэг жаахан
шүүмжлэлтэй хандаад байдаг юм. Яагаад гэвэл нэг сургууль, цэцэрлэгийн барилгыг
2-3 жил дамнаад, он дамжуулаад
бариад байгаа. Энэ бол үнэндээ хэлэхэд бүтээн байгуулалтын хувьд
ч, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хувьд ч
буруу гэж би хардаг.
Харин энэ
онд Сангийн яамнаас маш зөв алхам хийж байна гэж би
харж байгаа. Яагаад гэвэл 2023 оноор тасалбар болгоод өмнөх бүх ажлыг
дуусгая гэсэн зарчмыг барьж байгаа. Тэгэхээр аймгуудад харилцан адилгүй зүйл үүсч
байна гэсэн үг.
Тэгэхээр УИХ-ын гишүүд,
аймгийн дарга нар бүгд л хөрөнгө орлогын төлөө л дээшээ явдаг.
Ингээд яаж ийгээд л мөнгө олдог, яаж ийгээд л суулгуулдаг ийм зарчимтай. Тэгэхээр энэ
тоо бол 2023 оноор тасалбар болгочихсон.
Мөн эхэлчихсэн ажлуудыг дуусгавар болгож байгаа хөрөнгө
оруулалтын жагсаалт л гарч байна гэсэн үг.
Түүн дээр хамгийн их төсөвтэй Хэнтий аймаг явж байсан. Тэгэхээр Хэнтий аймагт их
хөрөнгө оруулалтууд олон он дамнаад тавьчихсан байгаа тэр төслүүдийг дуусгах
гэж байгаа. Ийм учраас нэлээд өндөр харагдаж байгаа юм. Энэ
бол 2023 оны улсын төсөвт хийж байгаа ажлууд шүү дээ.
Аймагт бол орон нутгийн
сангийн тодорхой хэмжээний зардлууд ирнэ. Аймаг орлогодоо тааруулаад тодорхой
хэмжээний хөрөнгө оруулалтын ажлуудыг хийнэ. Аймгийн төсвийн мөнгөнөөс шинэ
хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Улсаас бол шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Он
дамжсан хуучин ажлуудыг дуусгавар болгох гэсэн зарчмыг барьж байгаа. Үүнийг би эдийн засагч хүний хувьд маш зөв алхам гэж харж байгаа.
Эдийн засагч
хүний хувьд миний гол баримталж явдаг зүйл гэвэл аймаг өөрөө орлогоо олоод,
өөрөө захиран зарцуулдаг байх
-Тэгэхээр
Сэлэнгэ улсаас татаас авдаг бус, улсад орлого төвлөрүүлдэг аймаг болжээ. Энэ улсад
төвлөрүүлэх орлого жил бүр нэмэгддэг үү. Эсвэл нэг хэвийн тоонд баригддаг уу?
-Ерөнхий сайдын баримталж
байгаа гол зарчим бол уул уурхайг дэмжье гэсэн том байр суурьтай байгаа. Манайх бол уул уурхайн салбар хөгжсөн нэлээд боломжтой аймаг. Алт, нүүрс, гээд.
Томоохон төслүүд хөдлөөд ирэх юм бол манай төсвийн орлого шууд нэмэгдэнэ гэсэн
үг. Мэдээж аймгийн орлого нэмэгдэхийн хэрээр бидний улсад төвлөрүүлэх мөнгө
нэмэгдэнэ л гэсэн
үг. Эдийн засагч хүний хувьд миний зүгээс гол баримталж явдаг зүйл гэвэл
түрүүний хэлдгээр аймаг өөрөө орлогоо олоод,
өөрөө захиран зарцуулдаг байх ёстой. Аймгийн Засаг
дарга гэдэг хүн орлогоо олчихоод юунд шаардлагатай байгаа зүйлээ захиран зарцуулдаг
байх ёстой гэсэн зарчимтай байдаг. Энэ дээр Сангийн яам, УИХ дээр ерөнхийдөө
хатуу байр суурьтай байгаад байдаг. Аймгуудыг томруулдаггүй, эрх мэдлийг
өгдөггүй. Энгийн жишээ хэлэхэд 2022 оны төсөв дээрээс бүх юмыг аймгийн Засаг
даргаас татаад аваад явчихсан байгаа. Жишээ нь сургууль, цэцэрлэг бүгд сайдын
багц руу яваад өгчихсөн.
-Тэгэхээр
төвлөрсөн орлогоо аймаг өөрөө ашиглах, захиран зарцуулах эрх байдаггүй юм байна
гэж ойлгож болох уу?
-Одоохондоо бол маш бага
байна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын зардлыг ч тавьж өгдөггүй. Шууд татаад аваад
явчихдаг. Хэрвээ бид тэр 3 тэрбум төгрөгийг улс руу төвлөрүүлэхгүй аймагтаа
үлдээх юм бол шаардлагатай хөрөнгө оруулалт руугаа хийх боломжтой болж байгаа.
Тухайлбал зам, ялангуяа Сүхбаатар суманд тулгамдаад байгаа бүх асуудлыг түүгээр
шийдэх боломжтой болно гэсэн үг. Ерөнхийдөө орлогын боломж манай аймагт бүрэн бий. Томоохон төслүүд хөдлөх юм бол аймаг дээр төсвийн хүндрэл
үүсээд байх ямар ч шаардлага байхгүй.
-Сэлэнгэ
яагаад татаас авахаа больчихов?
-Үүнийг би маш энгийнээр
тайлбарлая. Сэлэнгэ аймгийн бүх төсвийн байгууллага тодорхой хэмжээний зарлагатай байдаг. Төсвийн орлого бол бодит хэмжээтэй
байгаа шүү дээ. Орлого олно, зарлага гарна. Энэ хоёрын зөрүүгээр хасах гарах юм
бол улс танд татаас өгнө. Орлого нь өндөр байх юм бол улс татаад авчихдаг л
байхгүй юу. Ийм л юм. Тэгэхээр манай төр төсвийн байгууллагуудын зарлага
орлогоосоо давахгүй байна аа л гэсэн үг. Энэ зарлага дотор болохоор зөвхөн
нөгөө тогтмол зардал болох төрийн албан хаагчийн цалин явж байдаг. Манай аймагт
хөрөнгийн зардлыг огт өгдөггүй. Орон нутгийн төсвөөсөө олдог. Орон нутгийн
хөгжлийн сан гээд иргэдээс санал аваад ирдэг хөрөнгө оруулалтыг дээрээс
автоматаар ирүүлдэг.
-Тэгэхээр ирэх жилүүдийн эдийн
засаг ямар байх бол. Эдийн засагч хүний хувьд хэрхэн төсөөлж байна. Бодол
санаагаа хуваалцахгүй юу?
-Миний бодож явдаг санал гэхээр орон нутагт орон нутгийн эрх мэдлийг
нэмэгдүүлэх эрхийг Засаг даргад өгөөд, хөрөнгө оруулалт өөр юу байдаг юм бусад зардлуудад зарцуулах эрхийг л
Сангийн яам, УИХ-аас өгчих юм бол манай аймаг толгой өвдөөд байх зүйлгүй аймаг
болно.
2023 онд эдийн засгийн
нөхцөл байдал нэлээдгүй хүндэрч байгаа. Валютын
ханш нэлээд их өсөж байна. Энэ нөхцөл байдал 2023
он гараад ч бас үргэлжлэхээр байна. Банкууд зээл олгохгүй байна. Банкууд ингэж
зээл олгохгүй байна гэдэг бизнест эргэлтийн хөрөнгө удаашралтай болно.
Ингэж эргэлтийн хөрөнгө удаашралтай болж байна гэдэг чинь бизнес удааширна,
орлого буурна гэсэн үг. Орлого буурахаар мэдээж төсвийн орлого дагаад буурна.
Энэ мэт эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2023 онд нэлээд хүндрэл үүсэж магадгүй гэж би уншсан зүйлээсээ харж байгаа. Манай том эдийн засагч нар хүртэл
бүгд л ингэж харж байгаа.
-Тэгэхээр улс ч, аймаг маань ч тэр, уул уурхайгаас хамааралтай төсөвтэй, орлоготой болчихлоо. Хил гааль
хаалттай ийм нөхцөлд орлогын асуудал нэлээд хүндрэлтэй юм шиг санагдлаа?
-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хил гаалиа хурдан нээх. Манайх
уул уурхайгаас хамааралтай улс орон шүү дээ. Иймээс уул уурхайгаас хамааралтай
бүтээгдэхүүний борлуулалтаа л маш сайн нэмэгдүүлэх. Байнга л нийлүүлэлтээ
таслахгүй байх. Орлогын төлөө
нэлээд сайн зүтгэх хэрэгтэй. Томоохон уул уурхайн төслүүдээ хөдөлгөсөн нь зөв л гэж би харж байгаа.
Ингэж байж л хөл дээрээ босохгүй бол болохгүй. Валютын нөөц хомсдоно гэдэг манай улсаас гадагш борлуулалт хийхгүй байна л гэсэн үг. Борлуулалт байхгүй байгаа юм чинь мөнгө орж ирэхгүй.
Иймээс уул уурхайн бараа бүтээгдэхүүн, дагалдах бүх юмаа сайн л экспортод
гаргаж байж л орлого олохгүй бол 2023 онд төсөв нэлээд хүндрэлтэй байна л гэсэн
үг.
Төсөв гэдэг бол нэг л том
тоо таамаглаад батлаад байгаа. Яг бодит амьдрал гүйцэтгэл дээр 12 сард хуваагаад үзэхээр нэлээд
асуудалтай байдаг л даа. Жишээ нь 1, 2 сард манайхан цагаан сар тэмдэглэдэг.
Тэр үед бид цалингаа эрт тавих ёстой болдог. Төсвийн орлогын асуудал гардаг. Өвлийн
улиралд уул уурхайн компаниуд амарсан, орлого зогссон байдаг. Ингээд орлогын
интервальтай нөхцөл үүсдэг учраас төсөв дээр маш их хүндрэлтэй болдог. Яг
процессын буюу гүйцэтгэл дээр хүндрэлтэй байдаг. Яг одоо миний харж байгаагаар
ямар ч байсан экспортынхоо үйл ажиллагааг маш сайн сайжруулах, уул уурхайгаа л
маш хурдан хөдөлгөхгүй л бол болохгүй.
Аймгийн төсвийн хувьд
орлого тогтмол учраас харьцангуй хэвийн. 2 том компаниас хамааралтай төсөв болчихсон
учраас тэр 2 компанийн борлуулалт сайн байгаасай
гэж залбирахаас өөр арга байхгүй. Бүхий л дэмжлэгийг улс, засгийн газар сайн өгөөсэй гэж хүсэж байна.
-Цаг зав гарган ярилцсан танд
баярлалаа.