СЭЛЭНГЭ:Г.АМАРБАЯСГАЛАН:Төлөөлөгчдийн уялдаа холбоог сайжруулж, харилцан хамтарч ажиллах нь үр дүнтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-07 12:02:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалантай сумын ИТХ-аас хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.


-Сүхбаатар сумын ИТХ-аас хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв?

-Сүхбаатар сумын ИТХ 2022 оны 10 сарын байдлаар нийтдээ ээлжит хуралдааныг 2 удаа, ээлжит бус хуралдааныг мөн 2 удаа, бодлогын хороодын хуралдааныг 20 удаа, зөвлөлийн хуралдааныг 4 удаа тус тус зохион байгуулсан. Эдгээр хуралдаанаар орон нутгийн шинж чанартай 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.  

2022 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа шинэ хуулиар тухайн орон нутгийн Иргэдийн хурлын дэргэд Тэргүүлэгчдийн хурал гэж байхгүй болсон. Мөн ИТХ-ыг хуулиараа улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана гэж хуульчилж өгсөн. Иймээс жилд 4 удаа хуралдах юм уу түүнээс дээш удаа ээлжит буюу ээлжит бус хурлаа зохион байгуулах боломж бидэнд бий.


-Энэ жилийн тухайд нэлээд онцлогтой, Нутгийн удирдлагын байгууллагын 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хурлын байгууллагаас иргэдэдээ хүрсэн шинэ ямар ажлуудыг зохион байгуулав?

-Энэ жил Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсгэн байгуулсны 30 жилийн ой тохиож байна. Энэ тэгш ойгоо баярын хуралтай, хүндэтгэсэн олон ажил үйлчилгээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээр Сүхбаатар сумын ИТХ төлөвлөсөн байсан. Гэвч Засгийн газрын хэмнэлтийн тухай тогтоолын улмаас зарим ажил маань хязгаарлагдсан. Гэсэн хэдий ч бид энэхүү түүхэн дурсгалт ойдоо зориулан төлөвлөсөн зарим боломжтой ажлуудаа зохион байгуулж байна. Саяхан Сүхбаатар сумын Засаг дарга асан, шатрын спортын дэд мастер Чойжамц агсны нэрэмжит Сүхбаатар сумын аварга шалгаруулах анхдугаар шатрын тэмцээнийг түүний гэр бүл, Сүхбаатар сумын Шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Мөн иргэдэд нутгийн удирдлагын байгууллагыг сурталчлах, ямар үүрэг, чиглэлтэй ажилладаг талаар төлөөлөгчдийн өдөрлөг зохион байгуулж байгаа. Төлөөлөгчид өөрсдийнхөө тойргийн онцлогт тохируулан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, хууль тогтоомж болон байгууллагаа сурталчлан, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зорилготой ажиллаж байна.

Мөн бидний хийсэн томоохон ажлын нэг бол МБК-ын 60 жилийн ойг нутгийн удирдлагын 30 жилийн ойтойгоо уялдуулан, тодорхой удирдамж гарган зохион байгуулсан. Түүнчлэн Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Манай Сүхбаатар сум хэдий мал, мал бүхий иргэд цөөтэй ч гэсэн эдгээр иргэдэд тулгамддаг олон асуудал байдаг. Тухайлбал өвөл, намрын цагаар хадлан, бэлчээр, өвөлжөө, саравчны асуудал гэх мэт. Энэ талаар малчидтайгаа ярилцаад, малчдын зөвлөгөөнөөс гарсан шийдвэрээ боловсруулаад, зэргэлдээх сумдын Засаг дарга болон Хурлын дарга нартай уулзалт зохион байгуулж, бэлчээрийн бүс тогтоох асуудлаар ажлын төлөвлөгөө гаргаад явж байна. Ингээд хоёр сум аль аль нь тэндээсээ хадлангаа хийж болох шийдлийг бид эрэлхийлж байгаа.


-Сүхбаатар сум нэлээд үр дүнтэй төсвийн тодотгол хийсэн гэсэн. Сум ямар төсөв хөрөнгөтэй байдаг талаар сонирхож болох уу?

-Сүхбаатарынхны хамгийн сайн мэддэгээр оны хагаст улс, аймгийн дараа тухайн сум орон нутаг нь төсвөө тодотгон баталдаг. Энэ удаа Сүхбаатар сумын 2022 оны жилийн төсөв нэлээд онцлог болсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд орсон өөрчлөлт, түүнийг дагасан төсвийн тухай хууль болон бусад хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд тухайн сум орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн хүн амын орлогын албан татвар нь орон нутагтаа үлддэг болсон. Энэ нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эндээс харахад нэг талдаа Сүхбаатар сум түүхэндээ анх удаа өөрийн гэсэн орлоготой болох боломж бий болж байгаа юм.


-Сүхбаатар сум өөрийн гэсэн орлого байхгүй байсан юм уу?

-Өмнө нь Сүхбаатар сум өөрөө ямар орлоготой, яаж явж ирсэн юм бэ гэвэл. Тус сум өөрийн ААН-ын татварын орлого нийлээд нэг тэрбум 500 орчим сая төгрөг. Үүн дээрээ аймгаас 1.5 тэрбум орчим төгрөгийн дэмжлэг аваад нийт 3 орчим тэрбум төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг байсан. Үүнээсээ сумын суурь зардал буюу нийт суманд харьяат байгууллагуудын ашиглалтын жилийн зардал 3 тэрбум болдог. Ингээд Сүхбаатар сум аймгаас 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байж, суурь зардлаа хангадаг ийм нөхцөл байдалтайгаар өдий хүрсэн байдаг.

Энэ шалтгаанаар Сүхбаатар сум өөрийн хөрөнгө оруулалтаар сумандаа хөрөнгө оруулалтын болоод бүтээн байгуулалтын ажил хийх ямар ч боломжгүй байсан. Зөвхөн аймгийн ИТХ дээр батлагдсан аймгийн төсвийн хөрөнгө оруулалт, мөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо тавьсан ажлууд хийгддэг байлаа. Сүхбаатар суманд ганцхан ажил хийх боломжтой хөрөнгө мөнгө юу байдаг байсан бэ гэхээр орон нутгийн хөгжлийн сан. Иргэдээс авсан саналаар эрэмбэлэгдсэн ажил үүгээр хийгддэг. Тэр нь жилдээ 220-250 орчим сая төгрөг манай суманд хуваарилагддаг байсан.


-Тэгэхээр шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Сүхбаатар сум өөрийн гэсэн орлоготой болж, ажил хийх боломж гарч ирж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Одоо шинэ хууль гарснаар ямар шинэ нөхцөл бий болсон бэ гэхээр Сүхбаатар суманд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн орлогын албан татвар нь сумандаа үлддэг болж байна. Ингэснээр сумын төсвийн орлого дээр нэмэгдэх боломж гарч ирж байгаа юм.

Аймаг хагас жилээр хийгдсэн төсвийн тодотгол дээр Сүхбаатар сумаас авах татаасаа багасгаж, 800 орчим сая төгрөгийн татаасыг авахгүйгээр суманд нь үлдээж өгсөн. Үүн дээр манай сумын өөрийн төсвийн хэмнэлт гээд 200 орчим сая төгрөг байсан. Ингээд бид нэг тэрбум төгрөгийн төсвийн тодотголыг Сүхбаатар сум түүхэндээ анх удаа хийсэн.

Энэ тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийхийн тулд ажлын хэсгүүдийн хурлыг олон удаа хийсэн. Засаг даргын Тамгын газар, Засаг даргаас санал өргөн барьсан. Үүн дээр хурлын бодлогын хороодууд ажилласан. Төсвийн бодлогын хороо, дэд бүтцийн бодлогын хороо ер нь бүх л бодлогын хороо ажилласан. Ингээд энэ төсвийн хуваарилалт дээр том хурлаараа шийдвэр гаргах эцсийн алхам руу орсон.


-Орон нутгийн өмчит болон сургууль, цэцэрлэгүүдэд нэлээд дэмжлэг хүрсэн гэж сонссон. Энэ талаар?

-Энэ жилийн төсвийн тодотгол дээр хамгийн онцолж байгаа зүйл маань боловсролын болон нийгмийн бодлогын салбар руу маш их анхаарал хандуулсан. Тухайн төсвийнхөө бараг тал орчим хувь буюу 450 орчим сая төгрөгийг зөвхөн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Сүхбаатар сумын нийт сургууль, цэцэрлэгүүдэд бүгдэд нь урсгал засвар дээр тус бүр 15 сая төгрөг тавьж өгсөн.

Дээр нь манай улсад хоёр байдаг сувиллын яслийн нэг манай Сүхбаатар суманд байдаг. Энэ яслид 48 хүүхэд бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар энэ хүүхдүүд өөрийн байр байхгүй. Нэгдсэн эмнэлгийн дэргэд нэг тасгийн хажууд байрладаг байсан. Гэтэл эмнэлэг өрөө тасалгаагаа авсан. Ингээд хүүхдүүд маань Насан туршийн боловсрол гэдэг байгууллагын нэг ангийг түрээсэлж хэсэг хугацаанд байсан. Энэ асуудлыг бид шийдэх үүднээс Төмөр замын “Бүжинхэн” цэцэрлэг шинэ цэцэрлэг барьж орсноор, тэр хуучин барилгыг суманд нь үлдээж өгсөн байсан. Үүнийг бид засварлаж, тордох урсгал засварын хөрөнгийг шийдэж өгөөд, сувиллын яслийг оруулья гэсэн шийдвэрийг хурлаасаа гаргасан.   

Энэ байрны хүчитгэх засварын ажлын зураг төсөв нь 204 сая төгрөг байсан. Үүнийг Сүхбаатар сумын ИТХ-аас төвсийн тодотголоороо баталсан. Одоо тун удахгүй 11 дүгээр сард өөрийн гэсэн байрандаа хүүхдүүдээ авна.  


-Сум орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажилд хурлаас хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Засварын үйл ажиллагаа болон сум орон нутгийн төсвөөр хийж байгаа ажлуудад хурлын байгууллага, чиг үүргийн байгууллагуудаас хяналт тавиад  явж байгаа.

Сургууль, цэцэрлэгүүдээс бахархууштай нэг зүйл нь гэвэл багш, ажилчдынхаа хүчээр урсгал засварт суулгаж өгсөн мөнгөөр нэн тулгамдсан асуудлаа эрэмбэлж, ажлаа хийсэн байсан.

Бүх боловсролын байгууллага өөрсдийн тулгамдсан асуудлаа аж ахуйн аргаар шийдвэрлэсэн байсан. Мөн энэ төсөв дээрээс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууддаа бас тодорхой хэмжээний татаасыг шийдсэн.

Сүхбаатар суманд ОНӨААТҮГ хоёр байдаг. Энэ маань “Цагаан эрэг” тохижилт үйлчилгээ. Энэ бол Сүхбаатар сумын тохижилт үйлчилгээ, хог тээврийн ачилт, буулгалт, булшлалтыг хариуцсан. Нөгөөх нь “Өргөн Сэлэнгэ”. Энэ нь Сүхбаатар сумын нөөцийн мах бэлтгэл, нийтийн тээвэр, гэрэлтүүлгийг хариуцдаг байгууллага. Эдгээр байгууллагууд тодорхой хэмжээгээр ажлаа сайжруулах, иргэдийн аюулгүй, тавтай аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэгцээ шаардлагатай зүйлсээ сумын ИТХ дээр оруулж батлуулсан.  

Хуваарийн дагуу Сүхбаатар суманд шинээр 200 гэрэл асаахаар засварын ажил хийж байгаа. Нэн түрүүнд захын гэр хорооллуудаа гэрэлтүүлэх ажлыг хийж байна.


-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

相关新闻