“Мөнх тэнгэрийн хүчин дор” кино олны хүртээл болсны 30 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-24 12:39:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ, кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийг Монгол арт галерейд энэ сарын 21-нд зохион байгууллаа.


“Мөнх тэнгэрийн хүчин дор” киног 1992 онд бүтээсэн, гурван ангит уран сайхны кино юм. Монголын тулгар төрийг үндэслэгч Их эзэн Чингис хааны амьдралыг харуулсан түүхэн уг бүтээлийн зохиолчоор Д.Маам, С.Эрдэнэ, Д.Батбаяр, зураглаачаар Л.Шаравдорж, зураачаар Б.Пүрэвсүх, хөгжмийн зохиолчоор Н.Жанцанноров нар ажилласан бол Чингис хааны дүрд А.Энхтайван, Чилүгэний дүрд Ж.Сүххуяг, Өүлэн эхийн дүрд Н.Сувд, Бөртэ-Үжиний дүрд С.Сарантуяа, Жамухын дүрд Ц.Төмөрбатар, Хасарын дүрд Б.Жаргалсайхан нарын Монголын сор болсон кино жүжигчид тоглосон юм.


Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайван хэлэхдээ, “Б.Балжинням найруулагч алсыг харж энэхүү кинонд их хүч хөдөлмөр зарцуулсан. 1990-1992 онд уг киног бүтээж байхад Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан. Эл кинонод 300 гаруй албан хаагч, 6 мянга гаруй цэрэг, 10 мянга гаруй агт морь оролцож тоглож байсан гэдэг. Хоёр жил гаруй хийх хугацаанд их хөрөнгө, хүн, хүч зарцуулж энэхүү киног дахин давтагдах боломжгүй гэдгийг манай найруулагч олж харан, хамаг хүч чадлаа шавхан бүтээсэн. Өнөөгийн залуус, хойч үед уламжлан үлдэж буй түүхийн том өв соёл бол “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” кино гэж үнэлдэг” гэв.


Ойд зориулан “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан”-гаас кино найруулагч Б.Балжиннямын амьдрал, уран бүтээлийг харуулсан “Гэрэлтэе гэвэл шат...” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв. Тус үзэсгэлэнг түүний Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг судлах, сурталчлан таниулах, түүний бүтээсэн урлаг соёлын их өвийг хойч үедээ өвлүүлж, нэрийг нь мөнхлөх зорилгоор зохион байгуулсан юм.

 

Үзэсгэлэнд кино найруулагч Б.Балжиннямын гэр бүлийн архивт буй гэрэл зургуудаас сонгосон 110  гэрэл зургийг дэлгэжээ.


“Кино найруулагч Бэгзийн Балжинням сан”-гийн тэргүүн Б.Амаржаргал хэлэхдээ, “Үзэсгэлэнд кино найруулагч Б.Балжинням хаана төрж, хаана сурч, ямар мэргэжил эзэмшин ямар хүн болж төлөвшсөнийг гэрэл зургаар харуулахыг зорилоо. Уран бүтээлийн жагсаалтаас дурдвал аав маань олон баримтат киноны зураг, 15-16 киноны зураглаач, найман киноны найруулагчаар ажилласнаас гадна таван киноны зохиолыг бичсэн. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн туульсын кино бүтээлийг нь үзэгчид сайн мэднэ. Киноны хамт олон, уран бүтээлчдийн тусламжгүй эдгээр киноны ард гарч бүтээхэд маш хэцүү байсан. Тиймээс найруулагчийн санааг хэрхэн гаргах вэ гэдгийг тухайн үедээ өөрөө үүрээд гардаг жамтай. Нэг ангит киноноос нь гэвэл аавын маш их хайрлаж явдаг “Сүүдэр” киног дурдаж болно. “Найруулагчийн жинхэнэ дотоод сэтгэлийг гаргасан кино бол “Сүүдэр” кино” хэмээн ярьдаг байв. Мөн “Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай, “Говийн зэрэглээ” кино нь үзэгчдэд хүрсэн бүтээл юм. “Говийн зэрэглээ” кино анх “Холын зэрэглээн дунд” нэртэй байсан. Аав энэ нэрэнд дуртай байсан учраас номоо “Холын зэрэглээн дунд” гэж нэрлэсэн болов уу” хэмээв.


Энэ үеэр найруулагч Б.Балжиннямын “Холын зэрэглээн дунд”, Д.Мягмарсүрэнгийн “Дуулиант Мандухай сэцэн хатан кино” номын нээлт болсон юм. Түүнчлэн ойн хүрээнд кино найруулагч Б.Балжиннямын кино долоо хоног буюу энэ сарын 17-24-нд МҮОНРТВ-ээр “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Гарын таван хуруу”, “Сүүдэр”, “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө зэрэг уран сайхны кинонууд гарах юм.


Түүнчлэн “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан”-гаас Саха Якут улсын ГХЯ-ны харьяа Улс түмнүүдийн Найрамдлын ордонтой хамтран “Кино найруулагч Б.Балжиннямын кино өдрүүд”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 2-нд, мөн ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарын дэмжлэгтэй Эрхүү хотод 12 дугаар сарын эхээр тус тус кино өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.




相关新闻