Хувиараа аялж буй жуулчдыг Японы хилээр нэвтрүүлэх хязгаарлалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-10-11 10:03:54

ТОКИО. /TASS/. Хувиараа аялж буй жуулчдыг Японы хилээр нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлах тус улсын Засгийн газрын шийдвэр мягмар гаргаас хэрэгжиж эхэллээ. Түүнчлэн богино хугацааны виз олгоход тавьсан хориг хүчингүй болж, өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд тавьсан хязгаарлалт цуцлагджээ.


Эдгээр бүх арга хэмжээг коронавирусний халдвар тарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авсан юм. 


Дээрх хоригуудыг цуцалж байгааг Японы Ерөнхий сайд Кишида Фүмио есдүгээр сарын 22-нд мэдэгдсэн. Түүний мэдэгдсэнээр, 10 дугаар сарын 11-нээс буюу өнөөдрөөс дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх кампанит ажлууд эхэлнэ. 


Есдүгээр сарын 7-нд Японы эрх баригчид тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины гурван тунг хийлгэсэн хүмүүст Япон руу нисэхээсээ өмнө коронавирусний шинжилгээ өгөх шаардлагыг цуцалсан юм. Хувиараа аялж буй жуулчдыг мөн аялал жуулчлалын агентлагуудаас багц аялал худалдаж авсан хөтөч заавал дагалдуулахгүйгээр оруулж эхэлжээ. Үүний зэрэгцээ жуулчин өөрөө тасалбараа худалдан авч, зочид буудлаа захиалан хувиараа хийх аяллыг хориглосон хэвээр байсан юм.


Японд ирэх гадаадын жуулчдын тоо 2019 оныг хүртэл өсөж, 31.88 сая болсон нь үнэмлэхүй дээд үзүүлэлт болж байв. 2020 онд эрх баригчид Токиод болох зуны Олимпын наадамтай холбогдуулан энэ үзүүлэлтийг 40 саяд хүргэх зорилго тавьсан боловч цар тахлын улмаас энэ зорилт биелээгүй бол наадмыг 2021 он хүртэл хойшлуулж, гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах шаардлагатай болсон билээ.


相关新闻