СЭЛЭНГЭ: Яруу найрагчид ойн баяраа тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь
салбар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг аймгийн төв
Сүхбаатар суманд өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Түүхт ойн баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа оролцож
нийт зохиолч яруу найрагчдад баярын мэнд хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлыг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч салбарын дарга Я.Жаргал
нээж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, ахмад зохиолч Т.Доржсүрэн “Сэлэнгэ салбарын
үүсэл хөгжил түүхэн замнал” илтгэл тавилаа.
Анх 1960 онд Утга зохиолын дугуйлан нэртэйгээр эх үүсвэрээ тавьсан тус
байгууллага 1977 оноос Залуу зохиолчдын нэгдэл, 1991 оноос МЗЭ-ийн Сэлэнгэ
салбар болон өргөжин тэлж үйл ажиллагаа, цар хүрээгээ өргөтгөжээ.
Энэ байгууллагатай салшгүй холбоотой хүн бол С.Базарсад. Энэ л хамт
олон дундаас Чой.Лувсанжав, С.Базарсад, Г.Цэрэндорж, О.Хишигсүрэн, И.Цоодол,
Н.Сүхдорж, Т.Доржсүрэн, Л.Банзрагч нарын олон арван МЗЭ-ийн гишүүн найрагчид,
шинэ залуу найрагчид төрөн гарчээ.
Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналыг хүртсэн нэг зохиолч байдаг нь
Н.Сүхдорж юм. Харин Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч 2
төржээ.
Тус салбарын хамт олон Сэлэнгэ аймаг дотроо хамтын 30 гаруй бүтээлийг
гаргаж нутгийн зон олондоо хүргэсэн байна.
Утга зохиолын дугуйлангаас өнөөдрийг хүртэл орон нутагтаа Т.Даяндорж,
П.Мэнджаргал, Т.Доржсүрэн нарын зохиолчид ажиллаж амьдарч байгаа бол хамгийн
олон жил нутаг орондоо бүтээл туурвилаа хийж яваа уран бүтээлчид Т.Доржсүрэн,
Л.Банзрагч, Н.Сүхдорж нар байв.
Салбарын хамт олон түүхт ой болон номын
баярын үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгийн зохиолчдын номын үзэсгэлэнг аймгийн номын сантай
хамтран гаргасан байна. Мөн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр
“Өргөн Сэлэнгэ” яруу найргийн наадмыг төвийн хэмжээнд
зохион байгуулж байна. Яруу үгсийн чуулганд Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл,
Сэлэнгэ аймгийн яруу найрагчид оролцож байна.











