СЭЛЭНГЭ: 960 хүүхдийн багтаамжтай эко сургуулийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-16 17:56:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Тамжавын Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын ЕБС-ийг Бямбаагийн Нямтайшир түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан “Монголын Алт” (МАК) ХХК-ийн 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа.

 

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус сургуулийн шав тавих ёслолыг хийж байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ ажил биеллээ олж, сумын төвд олон улсын жишиг стандарт хангахуйц иж бүрэн шинэ сургууль сурагчдаа угтан авлаа.

 

Иж бүрэн тохижилттой олон улсын жишигт нийцсэн тус сургууль нь 960 хүүхдийн багтаамжтай Монгол орны 330 сумаас анхны олон улсын стандартад нийцсэн эко сургууль гэдгээрээ онцлогтой. Мөн тус сургууль 3 давхар бөгөөд тулгуур эрхтний бэрхшээлтэй нэг хүүхэд суралцахаар болсон тул лифттэй болгож өгчээ.

 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр тус сургуулийн авьяаслаг морин хуурчид болон багш, ажилчдын урлагийн тоглолт боллоо. Ийнхүү хөдөөгийн нэгэн суманд хүүхэд багачуудын сурах орчныг бүрдүүлж, сайхан бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн бүх хүмүүст тус сургуулийн удирдлагууд, багш, сурагчид, Ерөө сумын иргэд баярлаж талархсанаа илэрхийллээ.  

 

“МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайширын аав Тамжавын Бямбаа агсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг юм. Тэрээр Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Монгол Улсын Их Сургууль, Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академийг дүүргэжээ.

 

Мөн ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Түүнчлэн МАХН-ын Төв Хорооны болон Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

 

Түүний хөдөлмөр зүтгэлийг залуу хойч үедээ мөнхжүүлэх зорилгоор Тамжавын Бямбаагийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг Тамжавын Бямбаагийн нэрэмжит болгосон байдаг. 



相关新闻