СЭЛЭНГЭ: Ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-13 21:16:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас намрын ургац хураалтын их ажилд дэм үзүүлэх үүднээс их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Жил бүрийн намрын ургац хураалтын үеэр хүн хүчний хомсдол байнга гарч, тухайн аймаг суманд байрлах цэргийн ангиудаас тусламж авсаар ирсэн. Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 13 аж ахуйн нэгж, 730 оюутан ажиллуулах гэрээ байгуулжээ.


Орхон суманд төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Их өнгөт трейд” ХХК энэ жил 100 га талбайд төмс, лууван, манжин тариалжээ. Тус компани ургац хураалтын үед ажил хийх сонирхолтой иргэдээ цалинжуулж ажиллуулдаг ч хүн хүчний дутагдал жил бүр байсаар байгаа хэмээн тус компанийн захирал С.Сүхбаатар ярилаа.

Эдний ургац хураалтын ажилд оролцохоор “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн 50 оюутан ирж, ургацын талбайд ажиллаж байна. Эдгээр оюутнуудыг байр, хоолоор хангаж, өдрийн 40000 төгрөгийн цалинтай ажиллуулж байгаа гэв. Мөн сургуулийн захиргаатай нь тохиролцон 14 хоногийн гэрээ байгуулжээ.


Цаашид ургац хураалтын ажил дуустал дахин өөр сургуулиудтай гэрээ байгуулах ажлыг аймгийн ХХААГ-аас зохион байгуулж байна. Мөн оюутнуудаас гадна Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ХЦ-ийн ангиуд болон Орхон аймгийн цэргийн ангиудаас нэмэлт хүч авахаар хүсэлтээ өгсөн хэмээн тус газрын дарга Б.Мөнхтөр ярилаа.

 

相关新闻