СЭЛЭНГЭ: Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-01 13:32:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр улс орон даяар хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид маань эрдмийн их өргөөндөө хуран цуглардаг баярын өдөр. Энэ удаагийн шинэ хичээлийн жилийн нэг онцлог нь 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигаар төрийн бүх байгууллага, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах ёслолтой хамтатган зохион байгуулж байгаа явдал юм.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 35 сургуульд 22800 гаруй сурагч, эдгээрээс 2368 бяцхан үрс 1 дүгээр ангид элсэн суралцаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох 34 цэцэрлэгт, 7100 хүүхэд хамран суралцаж байна. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах ёслолыг байгууллага бүр өөр өөрийн онцлогоос хамааран хүндэтгэн байршуулсан байв.

Тухайлбал Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургууль сургуулийнхаа их түүхийн өргөөнд хүндэтгэн залжээ. Энэхүү өргөө нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулиас зохион байгуулсан шилдэг танхимын уралдаанд тэргүүн байр эзэлсэн аж. Тус сургууль 55 багш, ажиллагсад, 600 гаруй сурагчидтайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Тус сургуулийн нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа оролцож, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцууллаа. Мөн Сүхбаатар сумын 8-р цэцэрлэг байгууллагынхаа өмнөх төв талбайдаа хүндэтгэн залж байршуулсан байлаа. Тус цэцэрлэг нь энэ жил Салхит 3-р багийн 2-5 хүртэлх насны 240 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон ажиллах бөгөөд мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан гэв. Тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн БШУГ-ын Бодлогын хэрэгжилтийн албаны дарга Ч.Алтантуяа оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцууллаа. 


相关新闻