Олон улсын жүдо бөхийн холбооноос албан ёсны тайлбар өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-10 11:36:14

"Рио-2016"-гийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жингийн аваргын төлөөх барилдаанд гавьяат тамирчин Д.Сумъяа, Бразилийн Рафаэла Силва нар зодоглож, эзэн орны бөх ялж, олимпийн аварга болсон.

Энэ барилдааны дараа монголчууд шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн олон нийтийн сүлжээгээр "хансокү макэ” (hansokumake), IJF хаштагаар жиргэн, Силва хориотой мэх хийсэн хэмээн дургүйцлээ илэрхийлсэн. Уг эсэргүүцэлд ОУЖБХ-ноос албан ёсны хариу тайлбар өгсөн байна.

"Жүдо бөхийн үзэгчид ээ. Эмэгтэйчүүдийн 57 кг жингийн барилдааны дараа маш олон сэтгэгдэл сошиал медиад нийтлэгджээ. Эдгээр сэтгэгдлийн ихэнх нь бусдыг дайрч, доромжилсон утгатай байв. Тиймээс бид жүдо бөхийн холбооны хуудсандаа ийм утга бүхий сэтгэгдлийг хүлээн авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Бид хүний ёсны наад захын дүрэм, тэр дундаа бусдыг хүндлэх үнэ цэнэ, эелдэг байдлыг эрхэмлэдэг. Харин манай хуудсанд бичсэн сэтгэгдлүүдийн ихэнх нь хүний ёсыг хүндэтгээгүй байгаа учир ийм утга бүхий сэтгэгдлийг албан ёсны хуудаснаас устгаж, холбогдох газарт мэдэгдэнэ. Техникийн үүднээс тайлбарлахад, финалын тэмцээн дүрмийн дагуу дүнгээ гаргасан. Ханцуй атгасан үед гараар хөлд хүрч болно. Энэ дүрэм 2014 оны нэгдүгээр сараас хойш мөрдөгдөж байгаа. Тиймээс ямар нэгэн будлиан гараагүй. Бид тэмцээний үеэр гарч болох сэтгэл хөөрлийг ойлгож болно. Гэхдээ та бүхэн бичиж буй сэтгэгдлээ хянаж, бид бүгд жүдо бөхөд хайртай гэдгээ санахыг хүсье. Бид бүхэн танай улсын хоёр тамирчин өчигдөр тун амжилттай барилдсанд баяртай байгаа. Бид бүхнийг ойлгож, жүдогийн спортыг дэмжин үргэлж хамт байдаг та бүхэнд баярлалаа” гэжээ.

Д.Өлзий

相关新闻