Багшийн эрдэм шавьд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-07 21:09:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 2-р сургуулийн монгол хэлний багш Ш.Ариунаа үндэсний эх бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурагчдадаа зааж сургах, тэднийг хөгжүүлэх чиглэлд бодит үр дүнтэй ажиллаж байгаа хөдөлмөрч багш нарын нэг. Энэ удаа түүний хөдөлмөрч, дайчин, шаргуу шавь нарынх нь төлөөлөл Л.Ариунжаргал, Б.Баттулга нарыг онцоллоо.

Багшийн эрдэм шавьд гэдэг эртний үг байдаг. Үнэхээр эрдмийн суурийг багш тавьж, цаашид хэрхэн өргөжүүлэн тэлэх нь тухайн хүний өөрийн хичээл зүтгэл юм. Ш.Ариунаа багшийн хувьд өвөг дээдсээс уламжлан ирсэн босоо монгол бичгээ сурч, сурсан зүйлээ шавь нартаа зааж сургах гэсэн чин сэтгэл, хүсэлдээ хөтлөгдөн түүнийгээ хэрэгжүүлж яваа. Түүний хувьд сургуулийн алтан босгыг алхаад “А” үсгээ үндэсний монгол бичгээрээ заалгаж байсан анхны монгол бичигтэн сурагч гэдгээрээ омогшдог. Хожмоо монгол хэл бичгийн багш болсоноороо ч бахархаж, түүнийгээ бусдад ялангуяа шавь нартаа хичээнгүйлэн зааж, сурсан бүхнээ түгээхийг гол зорилгоо болгосон багш. Тэрээр өөрийгөө дайчлан бийрийн бичгээр бичиж сурчээ. Энэ сайхан эрдмээ шавь нартаа заах гэж яаран хөл хориотой байсан үед хамгийн хурдан сурах хоёр шавиа гэртээ дуудан зуны амралтын хугацаанд гал тогоондоо суулган нарийн болон дунд бийрээр бичиж сургажээ. Яарсны учир нь түүний шавь нар тун удахгүй жигүүрээ дэлгэн тал бүр тийш нисч, эрдмийн мөр хөөн өөр өөрийн тэмүүллээр одох цаг ирсэн байна.  

 

Б.Баттулга:Миний хувьд хөдөлмөр 99, авьяас нэг хувь

Сайхан сумын Хөтөл хотын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Баттулгын “Амар амгалан” бүтээл энэ жил улсад шилдгээр шалгарсан. Уг бүтээлийн эзэн сурагч маань өөрийгөө надад нэг их авьяас гээд байх юм байхгүй. Хүн хөдөлмөрлөж, хичээнгүйлэн суралцаж чадах л юм бол сурахгүй, чадахгүй юм байхгүй. Миний хувьд монгол бичиг тэр дундаа бийрийн бичгээ уран зурагтай хослуулан бичиж сурахад маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр гаргаж байж сурсан.

Анх би монгол бичгийг чөлөөндөө сууж байгаа Х.Баярсайхан гэдэг багшаараа заалгасан. Биднийг 10 дугаар ангид байхад Ш.Ариунаа багш маань Х.Баярсайхан багшийг урьж ирүүлэн бидний 5 хүүхдэд монгол бичгийг заалгасан. Тэр хүүхдүүд эргээд ангийнхандаа зааж сургаад 2 жилийн дотор бид монгол бичгээ урлаг болтол нь хөгжүүлж явна. Би анх 2021 оны 8 дугаар сард ангийнхаа охинтой хамт хөл хорионы үед багшийнхаа гал тогооны өрөөнд уран бичгийг заалгаж байв. Энэ бичгээрээ би уралдаанд оролцож өөрийгөө сорьж үзэхийг маш их хүсч байсан. Тэгээд 11 дүгээр сард Монголын урлан бүтээх төвийн уралдаанд оролцож тусгай байрын шагнал авсан маань надад маш их урам өгсөн. Тэгээд саяхан 2 дахь тэмцээндээ 2 бүтээлээр оролцсон. Нэг нь Гандантэгчилэн хийдээс зохион байгуулсан уралдаанд тусгай байр. Нөгөө нь Хүүхдийн ордны уралдаанд тэргүүн байр эзлээд алтан медаль авсан.

Хүн заавал авьяастай байх шаардлагагүй. Би өөрөө тийм ч авьяастай хүүхэд биш. Намайг 7 дугаар ангиас эхлэн Ариунаа багш маань их зуруулдаг байсны үр дүн өнөөдөр гарч байна. Ингэж зурсаар байгаад уран сэтгэмж, уран аргаар монгол бичгээ зурж бичдэг боллоо. Багш дахин дахин, залхмаар зуруулдаг байсан. Шантрах үе байсан ч би тууштай байсныхаа хүчинд үр дүнгээ хурдан мэдэрч байна. Миний хамгийн их цаг хугацаа зарцуулсан бүтээл бол "Амгалан" гэдэг бүтээл. Үүнийг том бийрээр бичсэн. Ганцхан энэ бүтээлийг хийхийн тулд 20-30 цаасыг үрсэн. Бийрийн бичгийг зүгээр цагаан цаасан дээр зурдаггүй. Зориулалтын муутуу гэдэг цаасан дээр бэхээр зурдаг. Энэ зургийнхаа хүрээг нь уран зурагтайгаа хослуулж, боронзоор хүрээлж гоёсон. Одоо би сургуулиа төгсөж байна. Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй болно. Гэхдээ энэ сайхан зурсан эрдмээ орхихгүй улам хөгжүүлж брэнд болтол нь явна. Ийм гоё юм хийж байгаа юм чинь цаашид хөгжүүлж явна. Багшдаа баярлалаа.  


Л.Ариунжаргал: Энэ сайхан бичгээ би оюуны төгс бүтээл гэж хэлмээр байна

Би Хөтөл хотод төрж өссөн. Сайхан сумын ЕБС-ийн 2-р сургуулийн 12а ангид сурдаг. Хөл хорионы үед олон хүүхэд цуглуулж болохгүй байсан учраас манай багш Баттулга бид хоёрыг дуудаад гэрийнхээ гал зуухны өрөөнд заадаг байлаа. Бид зуны амралтаар 8 дугаар сараас эхлээд 9 дүгээр сар гэхэд яг нэг сарын дараа бүх үсгээ сураад ангийнхандаа 10 дугаар сараас зааж эхэлсэн. Тэгээд үүнээс хойш өдийг хүртэл биднийг ийм болтол нь хөгжүүлж чадсан багшдаа баярлалаа. Тэгээд та 2 сайн сураад сургагч багш болоод бусад хүүхдүүдэд зааж өгөөрэй гэж биднийг бэлдсэн. Багш маань хэлэхдээ энэ сайхан монгол бичгээ, уянга яруу уншиж, уран бичиж сурах хэрэгтэй. Бийрийн бичгийн гайхамшгийг хүүхдүүддээ заавал сургахгүй бол болохгүй. Та нар минь төгсөөд явлаа шүү дээ гэсэн. Тэгээд хэцүү байсан ч шарандаа биднийг шахаж, суулгаж байгаад зааж сургасан. Бид 10 дугаар ангиасаа уран зураг зурдаг байсан. Багш маань 7 хоногийн нэг өдрийг уран зураг зурдаг өдөр болгон гаргаж өгсөн. Бид нар ингээд зурдаг байсны үр дүнд монгол бичигтэйгээ хослуулан бичиж сурсан.

Бас хүүхдүүд өөрсдийнхөө уран сэтгэмжид тулгуурлан монгол бичигтэйгээ хослуулан улам баяжуулж, улам гоё тансаг болгох үүднээс боломжит бүх хувилбарыг ашиглаж сурсан. Энэ чанараараа өдийг хүртэл монгол бичгээ хөгжүүлж чадсан. Монгол бичгийг хэрвээ би сураагүй байсан бол ийм сайхан үндэснийхээ гайхамшиг болсон уран яруу бичгийг бичиж чадахгүй үлдэж хоцрох байлаа. Энэ бол монгол хүний хувьд хамгийн харамсалтай зүйл. Багшдаа маш их баярладаг. Би сураагүй бол өдийд ингээд гоё үзэсгэлэнгээ гаргаад зогсохгүй байсан. Угалзан бичиг, уран зураг хоёр нэлээд төстэй. Гэхдээ угалзан бичиг их уран сэтгэмж шаарддаг. Тэр үгийг хэрхэн амилуулж өгөх вэ гэдэг дээр маш их тархиа ажиллуулна. Тэр монгол бичгийн зурлагуудыг хүний нүдэнд яаж гоёор, уншууртайгаар, уран аргаар угалзлуулах уу гэдэг бол нарийн. Хүний нүдэнд маш гоё харагдахаар уран, эвтэйхэн бичих хэрэгтэй. Ингэж бичихэд хүний сэтгэхүй, ур дүй их шаарддаг. Энэ сайхан бичгээ би оюуны төгс бүтээл гэж хэлмээр байна.

Би Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бүрэн эхээр нь бичиж “Хичээнгүй бичигтэн-2021” улсын уралдаанд 3-р байрт шалгарч, Эрдэм хүрэл медалиар шагнуулсан. Миний хувьд дөнгөж монгол бичгээ сураад удаагүй байсан үе байлаа. Миний анхны тэмцээн. Багш болохоор үр дүн нь ийм хурдан гарна гэж бодоогүй гэсэн. Тэгээд 3-р байрт орлоо гээд над руу залгахад багш маш их баярласан. Намайг тэврээд үнссэн. Монгол бичгээр бичиж, уншиж сурахад маш их сууж, хичээж байж сурдаг. Ямар ч байсан монгол бичгээ орхигдуулж болохгүй. Хүн бүр сурсан байх хэрэгтэй. Сурсан байхын хажуугаар уран яруугаар уншдаг. Бас бичдэг байвал илүү давуу талтай шүү гэж хэлмээр байна. Би эдийн засгаар юм уу архитектур, дизайны мэргэжилтэй болохыг хүсдэг. Гэсэн ч энэ сурсан монгол бичгээ улам хөгжүүлж брэнд болтол нь явна гэж бодож байгаа.

Үндэсний сайхан бичиг үсгээ ягштал сурч, урлагийн бүтээл болтол нь хөгжүүлж яваа багш, шавийн хөдөлмөр талаар болсонгүй. Шавь нар нь амжилт дүүрэн, багш нь сэтгэл дүүрэн явна. Угалзан бичгээ бийрийн бичигтэйгээ хослуулж, сургуулийнхаа брэнд болгох зорилгоо биелүүлж, “Мөнхийн зурлага” клубээрээ дамжуулан бусдад түгээж явна. Багш шавийн зүтгэсэн хөдөлмөр үр дүнтэй байж, бие даасан үзэсгэлэнгээ хоёр шавь нь аймгийн төвийн иргэдэд дэлгэн үзүүллээ. Үүгээрээ Үндэсний бичгийн хэрэглээг бий болгох, үе тэнгийнхээ сурагчдад эх хэлнийхээ гайхамшигийг мэдрүүлэх, бүтээлч сэтгэлгээ суулгах, цаашлаад насан туршийн чадвар олгоход өөрсдийн сурсанаа харамгүй зориулах их замын эхлэл болж байна.

Бидний ирээдүй, Монгол Улсаа авч явах хөгжлийн залуурыг гартаа атгасан залуусын төлөөлөл үндэсний өв соёл болсон дэлхийд ганц босоо монгол бичгээ ийн өвлөн авч үлдэхээр мэрийн зүтгэж явна.

 

相关新闻