Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг онц дүнтэй, зохион байгуулалт сайтай явуулсан үнэлгээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Онцгой байдлын Ерөнхий газрын даргын
тушаалаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Сэлэнгэ аймагт амжилттай
зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай
байгуулсан гэрээний дагуу явуулсан
тус сургууль танхимын сургалт, бэлэн байдлын үзлэг, штабын дадлага, дадлага сургууль
гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр бүтэн гурван өдрийн турш үргэлжиллээ.
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоныг хамруулан энэхүү дадлага сургуулийг
зохион байгуулсан нь өмнөх сургуулиудаас онцлогтой байлаа. Гамшгаас хамгаалах
иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөөдөр зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн
хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжих дадлага
сургуулиар энэхүү үйл ажиллагаа өндөрлөв. Сэлэнгэ аймаг 108 мянга гаруй хүн
амтай. Эдгээрээс 32323 иргэн дээрх дадлага сургуульд хамрагджээ. Дадлага
сургуулийн үеэр түр цугларах талбайд цугласан иргэдэд гамшгаас урьдчилан
сэргийлэх мэдээлэл өгч, эрүүл амьдрах ухаан, анхны тусламжийн талаар мэдлэг олголоо.
Мөн иргэдэд биеийн тамирын дасгал хөдөлгөөн зааж, эмнэлгийн тусламж үйлчилгээ
үзүүллээ.
Ингээд дээрх үйл ажиллагаа өндөрлөж дүнгийн хурал хийхэд Сэлэнгэ аймаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг онц дүнтэй, зохион байгуулалт сайтай явуулсан үнэлгээг авлаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч,
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай хэлэхдээ “Энэ удаагийн
сургуулиар аль болох хамт олныг бүрдүүлэх, бие биедээ туслах, бие биенээ
орлодог, байгууллагын онцлогоо мэддэг болох. Энэ байдал хамт олонд ус агаар мэт
ямар их хэрэгтэй болохыг мэдрүүлэх үүднээс олон үе шаттай дадлагыг хийлгэлээ. Хүн
маш өндөр ачаалал аваад ажиллахад бие бялдрын болоод сэтгэл зүйн хувьд тэсвэр
хатуужилтай, эх оронч, эвсэг нөхөрсөг болдог. Иймээс үүнийг энэ сургуулийнхаа
төлөвлөгөөнд оруулаад үе шаттай хийлгэснийхээ үр дүнг харлаа. Сэлэнгийнхэн маш
сайн байна” хэмээв.