Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-02 16:13:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Боловсролын салбарт хийж буй шинэчлэл, боловсролын салбарт төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрийг танилцуулж, 2022-2023 оны хичээлийн жилийн онцлог, УИХ дээр хэлэлцэгдэж буй Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр уулзалтын үеэр, багш нараа урамшуулан дэмжих замаар орон нутгийнхаа боловсролын чанарыг сайжруулах зорилгоор маш том хөрөнгө оруулалт хийж буй "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-ын залууст онцгойлон баяр хүргэлээ. Мөн салбартаа олон жил ажилласан багш, ажилчдыг шагнаж урамшуулав.


Ажлын багийнхан Сүхбаатар аймгийн боловсролын салбарын нөхцөл байдал, зарим цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ үеэр Баруун-Урт сумын ерөнхийн боловсролын дөрөвдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Агиймаагийн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхон түүнд ШУТИС-д суралцах урилгыг гардуулж, эхний нэг жилийн сургалтын төлбөрийг шийдвэрлэн, цуврал зураг захиалгаар зуруулахаар болсон юм. Мөн хоёрдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Ц.Анударийг шатрын олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 

Аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа Сүхбаатар аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй гол асуудал нь барилга байгууламжуудын удаашралтай холбоотой асуудлыг хөндөөд, шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ирэх шинэ хичээлийн жилээс өмнө ашиглалтад оруулах тал дээр анхаарч өгөхийг хүслээ. 

相关新闻