Аймгийн Засаг дарга хүүхдүүдийн санал хүсэлтийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-01 12:52:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж Хүүхдийн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулиудын манлайлагч сурагчдын төлөөлөл 100 гаруй хүүхэдтэй уулзалт хийж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Хүүхдүүдийн зүгээс аймаг, сумын болоод хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагуудын удирдлагуудтай нэг ширээнд сууж, халуун дотно яриа өрнүүлэн, өөрт тулгамдсан асуудал, бэрхшээлээ ярьж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Мөн аймгийн төв өргөжиж, хөгжөөд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхүйц номын сан, усан бассейн, спорт заалууд, цэцэрлэгт хүрээлэн бий болсонд талархаж явдгаа хэлж байлаа.

Гэвч цаашид гадна орчин дахь сагсны талбайг олноор байгуулж, тохижуулах, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээлттэй ажиллуулах, сургуулийн гадна орчныг тохижуулах, гэр хорооллын зах орчмыг гэрэлтүүлэг, дэд бүтцээр хангах шаардлагатай байгааг хэлсэн юм.

Түүнчлэн ахлах ангийн сурагчдад сургуулиа амжилттай төгсөх, мэргэжлээ зөв сонгох гэхчлэн санаа зовоосон олон асуудал тулгамддаг, түүнийгээ хэнд хэлэхээ мэддэггүй учраас  сургууль бүрт сэтгэлзүйч ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт тавив. Мөн зөв үлгэр дуурайлалтай, манлайлагч хүүхдүүд байх, үе тэнгийн дарамт шахалтыг таслан зогсоохтой холбоотойгоор нэг нэгэндээ уриалга дэвшүүлж байв.

Аймгийн Засаг даргын зүгээс хүүхдүүдийн санал хүсэлтийн дагуу зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

相关新闻