ӨВӨРХАНГАЙ: “Үлэмжийн чанар” дууг Хужирт суманд зохиожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-20 15:21:17

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хужирт сумын рашаан сувиллуудын дэргэд “Үлэмжийн чанар” дууны хөшөө бий. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Сумъяа 2018 оны шороон нохой жилийн зуны эхэн сарын шинийн 9-ний өдөр уг хөшөөг өссөн нутаг Хужиртдаа босгон сүндэрлүүлсэн байна.


Учир нь “Үлэмжийн чанар” дууг Илдэн бэйлийн хошуу буюу одоогийн Хужирт сумын нутагт төрсөн хэмээдэг. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, Хүүхэн хутагт нар нэг биш удаа Илдэн бэйлийн хошуугаар зорчдог байсан ба 1839 оны шороон гахай жил бие нь чилээрхсэний улмаас Хужиртын халуун рашаанд саатаж, гурван жил дараалан бие лагшингаа сувилаад олон дуу, шүлэг зохиосон ажгуу. 


Тэр хугацаандаа эхийн хамт ядруухан амьдардаг Балжирдонмэ /зарим түүхэнд Дадишура гэж бичигддэг/ хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй танилцсан агаад эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан “Үлэмжийн чанар” хэмээх дууг түүнд зориулан зохиосныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.


“Үлэмжийн чанар” дуу нь хүний таван мэдрэхүй болох үзэх, сонсох, харах, хүртэх, үнэрлэхүйгээр тахил өргөж буй утгатай бөгөөд Говийн догшин ноён хутагт Данзанравжаа зохиосныхоо дараа “Миний энэ дууг нэг удаа дуулахад 1000 дарь эх уншсантай дүйцнэ” гэж айлдсан байдаг. Монгол ард түмний дунд 186 жилийн турш дуулагдсаар ирсэн, дахин давтагдашгүй гайхамшигт энэ дууны хөшөө “Ананд Хужирт” рашаан сувиллын дэргэд бий. 

相关新闻