ӨВӨРХАНГАЙ: Малын хөлийн татварын орлогоор мал угаах машин авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-19 17:40:25

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас малын хөлийн татварын орлогоор мал угаалгын Дук машиныг авлаа. Уг машин нь дизель хөдөлгүүртэй, 8 тн багтаамжтай, зориулалтын шүршигч хоолой, мананцар үүсгэгчтэй бөгөөд тусгай уусмал бүхий бодисоор гадаргуу дээр тогтсон халдвар үүсгэгч нян, вирусийг бүрэн устгадаг ариутгал, халдваргүйжүүлэлтийн хамгийн шилдэг, орчин үеийн дэвшилтэт технологи юм.


Дук машин нь мал амьтны халдварт, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын хашаа хороо, саравч, уяа, хэвтэр, бууц болон голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх юм. Мөн нийтийн эзэмшлийн зам, гүүр, талбай, мод бутыг услах, шүршиж ариутгах боломжтой аж.


“Тиймээс малчдынхаа татварын орлогоор 70 гаруй сая төгрөгийн өртөг бүхий машиныг авч, эргээд малчдынхаа үйл ажиллагаанд нэмэр болох хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Малыг тогтмол угааж, эрүүлжүүлснээр түүхий эдийн чанар, гарц дээшилж, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг” хэмээн сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ.


Тус сум 1265 малчин өрх, 315 мянган толгой малтай ба жилд малын хөлийн татвараар 90 гаруй сая төгрөгийн орлого ордог байна. 


 

 

相关新闻