ӨВӨРХАНГАЙ: Төв халхынхны өвлийн наадаан нь мөсний шагайн харваа юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-02 17:24:38

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн зарим сумын нутгаар Орхон, Онги зэрэг томоохон гол урсан өнгөрөхийн зэрэгцээ сум бүр том, жижиг гол, нууртай. Тиймээс өвлийн улиралд мөсний баяр хийж, мөсөн дээр шагай харвах, олс татах зэрэг олон тэмцээн зохион байгуулдаг.


Үүнээс мөсний шагайн харвааг онцлоход, монголчуудын өнө эртний уламжлалт эл наадаан нь биет бус өв соёлын гүн гүнзгий утгыг хадгалж ирсэн төдийгүй монгол эрчүүдэд бие бялдар, оюуны сэтгэлгээ, эрүүл мэндийн цогц хөгжлийг олгож байдгаараа онцлог юм.


Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг “Монголын нууц товчоо”-ны 116 дугаар зүйлд: “... Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ...” хэмээн мөсний шагайн тухай тодорхой дурдсан байдаг. 


Улмаар XVII зууны үед Халхын Зая Гэгээн Лувсанпэрэнлэй Төв Халхын нутагт уламжлан хөгжүүлж, хийдийнхээ сүүдэрт номын хүчээр мөс хөлдөөн дэг жаягийг боловсруулж, лам нарыг тоглуулан бие, сэтгэлийг илаашруулж байсан түүхтэй. Үүний зэрэгцээ мөсөн шагай нь хүний биеийн эрүүл мэндэд ямар чухал нөлөөтэйг судлан тодорхойлжээ.


Энэхүү өв соёлыг өнөө цагт түүчээлэн өвлүүлэхийн тулд “Хасу холдинг” компанийн захирал Ч.Зундуй-Осор тэргүүтэй хүмүүс Монголын үндэсний мөсний шагайн холбоо байгуулах санаачилга гарган явсаар 2000 онд албан ёсоор баталгаажуулсан юм.


Ингэснээр мөсний шагайн харваа нь өөрийн гэсэн дүрэм, журам, хэм хэмжээтэй болж, улсын чанартай тэмцээн, уралдаанаар хөгжлийн шинэ шатанд гарсан байна. Мөн спортын мастер, дэд мастер, улсын шүүгчийн зэрэг цол олгохоос гадна мөсний шагайн Улсын мэргэн, Хошой мэргэн, Дархан мэргэн цол, үнэмлэх, тэмдэг олгож эхэлсэн нь илүү өргөн хүрээнд төгөлдөржин хөгжих үндэс болжээ.


Мөсөн шагай нь оноот тоглоом бөгөөд 1-5 хүртэлх оноог өгч, хамгийн их оноо авсан нь хожно. Тоглогчид цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрлөөр баг болж тоглодог. Ингэхдээ бог малын найман шагайг тодорхой зайтай тавиад тэдгээрийн голд бод малын нэг шагайг байрлуулж, 100 метрийн зайнаас сум тавина. Энэ мэтээр оноог төв рүү ойртох тусам нэмэгдүүлж, голын шагайг оновол таван оноо өгдөг байна. 





相关新闻