Нөлөөллийн бүлэг Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-30 21:38:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Улам бүр хумигдаж, бэрхшээлтэй тулгарсаар байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлэг” өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар нөлөөллийн бүлгийн зорилго, зорилт, үйл ажиллагаа болон "Mongol made" төслийг танилцуулж, лектор Н.Амарбаясгалан “Эмэгтэйчүүдийн манлайлал, эерэг хандлага сэдвээр” лекц уншив.

Мөн аймгийн ЗДТГ-аас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулж, аймгийн ХАҮТ-аас оролцогчдод үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ.  

Тус нөлөөллийн бүлэг 1000 ажлын байр бий болгож, Монгол Улсын савангийн хэрэглээний 50 хувийг хангах зорилго тавин ажиллаж байгаа аж. 2-3 жил судалгаа хийсний үндсэн дээр 2020 оноос савангийн үйлдвэрлэлээ эхэлжээ.

Саван нь 100 хувь органик бүтээгдэхүүн бөгөөд эмэгтэйчүүдэд цех байгуулах боломжийг бүрдүүлж, нэг тоног төхөөрөмж дээр ээлжлэн ирж ажиллах хамтын эдийн засгийн загвар дээр суурилан ажиллах аж. Нэг тоног төхөөрөмж дээр олон ээлж ирж ажиллах учраас сул зогсолтыг бууруулах ба цехийн гурав, дөрвөн хүн нэг ээлжинд ажиллаад 1500 орчим саван үйлдвэрлэдэг байна.

“Mongol made”-ийн үйлдвэрлэж буй саван хүнсэнд хэрэглэдэг өөх, тосноос гаргаж байгаа тул ORGANIC SOAP төрөлд багтдаг өндөр үнэтэй бүтээгдэхүүн болох бөгөөд одоогоор  дотооддоо борлуулдаг.

Цаашдаа Дундговь аймагт энэхүү цехийг ажиллуулах хүсэлтэй эмэгтэйчүүдийг бүртгэн сургалтад хамруулан чадавхжуулж, ажлын байраар хангах ажээ. 

相关新闻