Ж.Сундуй: Цолоо дааж явна гэдэг чухал юм шүү
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Монгол
бөхийн өргөөнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, аймгийн хурц арслан,
аймгийн алдарт уяач Жадамбын Сундуйн нэрэмжит аймаг, цэргийн алдар цолтой 256
бөхийн барилдаан өнөөдөр болж байна. Энэхүү эрхэм хүмүүний тухай тэрлэсэн бяцхан хөрөг
нийтлэлийг хүргэе.
-Ахмад бөх Ж.Сундуй нь Сэлэнгийн бага боохой хэмээх аймгийн хурц бадрангуй, хичээлт, ерөөлт, итгэлт арслан юм. Ж.Сундуй арслан аймагтаа зургаа түрүүлж, нэг үзүүрлэн, хоёр шөвгөрсөн Сэлэнгэ аймагтаа манлай арслан хүн. Олон удаа түрүүлсэн гэдэг эрэмбээрээ улсад ч дээгүүрт бичигддэг ажээ. 1949 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн нутгийн уугуул арслан маань аймагтаа энх тунх амьдарч байна.
Бөх болох хамгийн анхны гараагаа 1961 онд тавьжээ. Аймгийн
заан н.Бадарч гэж хүн энэ л сайн барилдах хүүхэд байна даа гээд улс хувьсгалын
41 жилийн ойгоор хүүхдийн барилдаанд оролцуулж байжээ. Ийнхүү 12 настай хүү энэ
барилдаанд түрүүлж аймгийн шонхор хэмээх цолыг авч байв. 1973 оноос арслангийн амжилтынх нь үүд нээгдсэн байна. 1973
онд аймгийн арслан Батсуурь гэдэг бөхтэй үзүүрт үлдэж тэр жилээ үзүүрлэжээ. Тухайн үеийн Ж.Сундуй биеийн хөгжлийн
хувьд жинтэй биш хөнгөн талдаа 73 кг-аас дээш гарч байгаагүй залуу бөх бөгөөд биеийнхээ
хөгжлийг дагаад уян хатан, хурдан шуурхай барилдааныг үзүүлдэг байж. Аравдугаар анги төгсөөд тухайн үеийн Мод боловсруулах комбинатад нормчноор, 1974 онд Гал
командад орж ажиллажээ. Энд ээлжиндээ дан бөхчүүд байдаг байсан нь бэлтгэл
сургуульд нь чухал нөлөө үзүүлдэг байж.
Тэрээр үндэсний бөхийн
зэрэгцээ самбо барилдаанаар ч барилдан 1971 онд улсын аваргаас медаль авчээ. Арслангийн
ээжийнх нь тал бөхийн удамтай, бяртай, шуундаа чадалтай хүмүүс байсан гэнэ.
Өнөөдөр ч эдний удмаас улс, аймгийн цолтой олон сайхан бөх төрөн гараад байгаагаас
түүний том ахынх нь хүүхэд улсын харцага Н.Саранцогт аж. Түүний гурав дүү нь
аймгийн начин гэв. Мөн өөрийн нь хүү Жаргалтулга гэж самбо, жудогийн улсын
аварга, спортын мастер залуу байгаа. Ж.Сундуй 1976 онд Н.Батсуурь арслантай барилдаж
анхныхаа түрүүг авсан бол 1979, 1981 онд арслан Б.Доржсүрэн, 1983 онд
арслан Б.Самбалхүндэв, 1984, 1985 онд цэргийн арслан Эрдэнэчулуун нарыг хаяж аймагтаа түрүүлжээ. Бөх
хүн бүрт л хамгийн их хүч гаргасан барилдаан гэж байдаг. Ж.Сундуй арслангийн
хувьд анхны түрүүгээ авсан барилдаан нь тэр гэв. Бас тэр л мөчид хамгийн их
баярлаж байсан байна. Хүрье гэсэн цолондоо хүрчихлээ гэж бодож байснаас ахиад
тав түрүүлнэ гэж огт бодож байгаагүй хэмээн тэрээр өгүүлсэн. Арслантай барилдаад
өвдөг шороодож байсан олон бөх улсын цолонд хүрчээ. Улсын гарьд П.Сүхбат, улсын
начин Н.Бүрэнзэвсэг гээд л…
Сундуй арсланг дөрөв
түрүүлчихээд байж байхад нь их аварга Ж.Мөнхбат “За Сундуй хэд түрүүлээд байна даа гэж
асууж. Дөрөв түрүүлчихээд байна гэхэд нь
их аварга миний араас яваад байна уу даа гээд инээж суусан гэдэг. Ж.Мөнхбат
аварга “Намайг дагаад гурван жил явахгүй юмуу” гэж хэлж байжээ. Магадгүй арслан
маань их аваргыг дагаад явсан бол өдийд улсын цолтнуудын нэг болчихсон байх нь
лавтай. Тэгээд л дүүдээ хэлж ярьж байж явуулсан нь ч онож Саранцогт улсын
харцага болж Сэлэнгэ түмнээ баясгажээ. Сайн бөх байхын гол суурь нь тухайн
хүний өөрийнх нь дур сонирхол. Хүсэл, сонирхол байхгүй бол бөх болно гэж
байхгүй. Идэвхтэй байж л тэр хүн бэлтгэл сургуулиа хийнэ шүү дээ гэж арслан
хэлсэн. Сундуй арслангийн ид үед одооныхон шиг байнгын бэлтгэл сургууль гэж
байсангүй. Ажлаа хийж яваад л барилдчихдаг байж. Харин зарим үед спорт
хорооноос амралтад явуулдаг байжээ.
Тухайн үед манай аймагт ид
шижигнэсэн есөн аймгийн арслан байж. Арслангийн гол өрсөлдөгчид энэ есөн
арслангаас гадна наадамд ирж барилдах гадны бөхчүүд байв. Арслангийн хадам
талынхан аймгийн заан Д.Эрдэнэбат, Далантай гээд бас л
бөхчүүд. Хамт ажилладаг албан газрын бөхчүүд бас бий. Аймгийнхаа наадамд
эднийгээ авалтай биш дандаа гадны бөхчүүдтэй л хүч үзнэ. Ингэж байж л дээшээ
гарч ирнэ. Арслан хоёр удаа түрүүгээ өгчээ.
Нэгэнд нь Г.Жаргалтулга
гэж бөхөд 1977 онд өгч тэр жил гарсан хүүдээ Жаргалтулга гэдэг нэрийг өгч
байсан бол дараа нь ажлынхаа газрын Г.Галбадрах гэж бөхөд өгч арслан болгож
байж. Ингэж хоёр өгч шөвгөд үлдсэн нь тэр.
Арслангийн хувьд улсын аваргад барилдаж байснаас төрийн наадамд барилдаж байгаагүй. Энэ нь өөрийнх нь сонирхол хоббитой холбоотой. Морио уяж хамаг цагаа энэ хөдөлмөртөө шингээчихдэг байсан болохоор хотруу явах боломж хомс байж. Аймгийн алдарт уяач арслан маань аймгийнхаа 60 жилийн ойгоор өөрөө ч түрүүлж, морио ч түрүүлгэж байсан түүх бий. Их аварга Б.Бат-Эрдэнэ залуухан цэрэг байхдаа “Сундуй ахаа би таныг хаях болов уу” хэмээн хэлж байсан гэдэг. Арслан маань энэ тухайгаа “Бат-Эрдэнэ өрөөсөн гараас зүүгдчихээд их л хүнд хүн байсан. Даруухан сайхан хүүхэд дээ” хэмээсэн. Тэрээр одооны бөхчүүд жин ихтэй, барилдаан нь удааширчихсан, барьц сонгохоо хүлээх маягтай болчихсон юм. Бидний үед хэн нь давж, хэн нь унаж байгаа нь мэдэгдэхгүй тийм л хурдан шуурхай барилддаг байлаа. Одооны залуучуудын хөдөлгөөн нь жаахан багасчихсан юм болов уу даа гэсэн юм.
Ж.Сундуй арслангийн
хувьд аль аль талаасаа шуудагдаж татдаг, солгой тонгорчихдог, хүний барилдаан
дээр л “ажилладаг” бөх байж. Тэр үед Дорноговь, Дархан, Булган, Сэлэнгэ гэсэн
дөрвөн аймаг нийлээд тойргоор барилдаж шалгарсан бөхчүүдээ улсад явуулдаг байжээ.
Арслан улсын аваргад гурав очиж барилдсан. 1976 онд очиж 19 давж байжээ.
Хамгийн сүүлд 1982 онд очиж барилдсан гэдэг. Тэрээр өөрөө эцэг эхээс наймуулаа.
Таван хүүгийн гурав нь барилддаг. Арслангийн аав Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн
сумын уугуул, ээж нь Булган аймгийн Хангал сумын хүн аж. Улсын харцага Н.Саранцогт
эднийхнээс улсын цолонд хүрсэн анхны бөх
юм. Арслан өөрөө хоёр охин, хоёр хүүтэй. Хоёр хүү нь хоёулаа барилддаг сумын
заан цолтой аж.
Өвөрхангай аймгийн
Хархорины барилгын цэрэгт албаа хаагаад Мод боловсруулах комбинатдаа эргэн ирж
ажиллаж байгаад гал командад орж байлдагчаас дарга хүртэл дэвшин ажилласан арслан
Дулаанхан тосгоны Гал командын даргаар ажиллаж байгаад 1994 онд тэтгэвэртээ гарчээ.
Улсын начин Д.Мөнхтогтох, аймгийн арслан А.Авидсүрэн гээд олон сайхан шавь нартай арслан маань үеийнхээ С.Батсуурь,
Б.Эрдэнэбаяр, Г.Галбадрах, н.Билэгт зэрэг том том биетэй, бяртай сайхан
арслангуудаа дурссан юм. Эдгээр сайхан бөхчүүд болон улсын начин Д.Найдан, М.Загдсүрэн
нартай барилдахад хоёр сэнжгэн дээрээсээ татуулахад л буруу харж зогчсихоод
байдаг юм шүү дээ. Том хүмүүстэй барилдах амаргүй ээ. Миний хувьд Ж.Мөнхбат,
Х.Баянмөнх гэсэн хоёр аваргаа л хайрлаж хүндэлж явдаг хүндээ хэмээсэн.
Яг одоо барилдаж байгаа
бөхчүүдээс нутгийн аварга Г.Эрхэмбаяр, бөх
П.Бүрэнтөгсийг бөх хүний жудгийг даагаад аваад явчих сайхан залуус гэж хардаг
гэв. Цол гэдэг бол өөрийгөө ард түмэнд
бариад өгчихөж байгаа хэрэг. Тэдний итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй.
Архи дарс уугаад явалтай биш,.цолоо дааж
явна гэдэг чухал юм шүү дээ гэсэн. Өнөөдөр улсын цолонд хүрчихсэн хийгээд аймаг
орон нутагтаа барилдаж байгаа Сэлэнгийн хүчит бөхчүүд Ж.Сундуй арсланг “Их
арслан“ хэмээн хайрлан хүндэтгэж явдаг юм билээ. Сэлэнгийн “Их арслан” нутаг
усандаа морио уяж хурдлуулан, хурдан хүлгийнхээ хөлсний үнэрт сэтгэл тэнийн,
уран барилдаант сайхан бөхчүүдийнхээ хурц барилдаанд хараа тэнийн жаргалтай
байна.