Төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-11 11:57:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, чадвар олгох” сургагч багш бэлтгэх сургалт Баянхонгор хотноо болж байна. Орон нутагт энэхүү үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх, сумдад түгээн дэлгэрүүлэх мэргэжил арга зүйн удирдлагаар хангах 15 сургагч багшийг энэхүү сургалтаар бэлтгэж байгаа аж.

Аймгийн ГХУСАЗСЗ, Жендэрийн салбар хороо 2022 онд “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчныг дэмжих нь” төслийг хамтран хэрэгжүүлж  буй. Энэхүү ажлын хүрээнд "Талын сарнай" төрийн бус байгууллагын сургагч багш Л.Ариунзул, Д.Даваанамжил, "Хонгор нутгийн үрс" ТББ-ын тэргүүн Ж.Дулмаа, БШУГ-ын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Оюунгэрэл нар хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд оролцогчдын хүний эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн мөн чанар, төрөл, хүүхдэд үзүүлэх хор нөлөө, уршгийн талаарх суурь ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж байна. Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга техникт сургаж байгааг албаныхан мэдээлэв.

Сонирхуулахад, 2017-2020 онд Монголын Эмэгтэйчүүдийн сан, Швейцарын Ананда сангийн дэмжлэгээр “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчныг дэмжих нь” 15 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслийг 10 дугаар цэцэрлэг, Богд сумын цэцэрлэгт хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд 10 дугаар цэцэрлэг, Богд сумын цэцэрлэгийг 12 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангажээ.

相关新闻