Хүүхдүүд бизнес төлөвлөгөө боловсруулж 10,8 сая төгрөгийн санхүүжилт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-04-06 19:37:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл тус аймгийн дөрвөн суманд хэрэгжиж буй. Төсөлд хамрагдагч сумдын хүүхдүүд бизнес төлөвлөгөө боловсруулж, дөрвөн баг нийт 10,8 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилтийг  авахаар болжээ.

Дээрх төсөл нь Онгон, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан сумдад хэрэгжиж байгаа бөгөөд Мөнххаан сумаас хоёр баг шалгарч сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, арьс ясаар гар урлалын бүтээгдэхүүн хийх, Онгон сумын баг Сурагч хөгжүүлэх танхим байгуулах, Баяндэлгэр сумын баг арьсан урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслөөр тус бүр 2,8 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна.   

Санхүүжилтийг хүүхдүүд дур мэдэн зарцуулахгүй, харин тухайн сумынхаа хамтарсан зөвлөлийн шийдвэрээр захиран зарцуулах аж.  

Төсөл шалгаруулах уралдаанд сургалтад хамрагдсан 300 гаруй сурагч, 25 хүртэлх насны залуучууд хамрагдаж, 18 төслийн материал ирсэн байна. Санхүүжилт авч чадаагүй үлдсэн төслийг орон нутаг, сургуулийн удирдлагууд нь дэмжээд хэрэгжүүлэх боломж байгааг төслийн мэргэжилтнүүд хэлж байна. 

相关新闻