Сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, 24 цэцэрлэгт тоног төхөөрөмж, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэл хийлээ. Үүнд орон нутгийн төсвийн 560 сая төгрөгийг зарцуулжээ.
Тус хөрөнгө оруулалтын хүрээнд найман сургуульд мэдээлэл зүйн танхим,
гурван сургуульд химийн кабинет, мөн гурван сургуульд биологийн кабинет, англи хэл, дизайн технологийн кабинет байгуулах иж бүрэн тоног төхөөрөмж багтсан байна.
Ингэснээр багш нарт туршилт танин мэдэхүйн хичээлийг зохион байгуулах орчин нөхцөл, боломжийг олгож байгаа бөгөөд үүнийгээ дагаад сурагчдын сурлагын чанар, идэвх нэмэгдэнэ гэв. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомын аргаар суралцах үйлийг маш ихээр дэмжсэн үйл ажиллагаа боллоо гэдгийг албаны
хүмүүс хэлж байна.