Дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын газраас уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн
гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн
аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ
утгаар Засгийн газрын 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан
мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар энэ сарын 24-ний өдрийн 16:00 цагт
улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага
сургууль хийх аж. Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг Сэлэнгэ аймгийн
ОБГ-аас онцгойлон анхаарууллаа.
Энэхүү дадлага сургуулийн
зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай
даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард
иргэдэд эзэмшүүлэхэд чиглэдэг юм.
Улс орон даяар зарлан
мэдээллийн дохиог 3 удаа дамжуулна.
-1 дэх дохио дуугарахад
иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос
хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа
хангаж түр хүлээх юм. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны
тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж
түр хүлээх ажээ. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч,
тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээх юм байна.
-2 дахь дохио дуугарахад
албан байгууллага болон гэрээсээ толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн
цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй”
гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа
цахилгаан шат ашиглахгүй байх ажээ.
-3 дахь дохио дуугарахад
та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох
албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн
зөв тодорхой өгөх аж.