Аймгийн ИТХ-д Ардчилсан нам бүлэг байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-02-25 18:01:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэн баталж байна. Хуралдааны эхэнд  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Өвөрхангай аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийн 156 заалтаас 30 заалтад өөрчлөлт оруулж, 8 заалтыг хасаж, 11 заалтыг шинээр нэмж тусгалаа.

Мөн Ардчилсан намын Төлөөлөгчдөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд Ардчилсан намын бүлгийг байгуулж өгөх хүсэлт тавьсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар “Асуудал шийдвэрлэхэд улс төржиж биш, ажил хэрэгчээр хандах ёстой. Иргэдийнхээ сонголтыг хүндэтгээд цөөнхийнхөө дуу хоолойг сонсдог байх нь ардчиллын зарчим юм” хэмээн байр сууриа илэрхийлсний дагуу Ардчилсан намын бүлгийг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

“Ардчилсан нам аймгийн ИТХ-д бүлэг байгуулснаар зохион байгуулалтад орж, бодлогоо зангидаж, шинэ санал, санаачилга гарган ажиллах боломж бүрдэнэ. Бид хурлаар хэлэлцэх асуудалд хориг, саад тавихаас илүү бодлогоо нэгтгэх, уралдуулах зарчмаар ажиллана” хэмээн төлөөлөгч Л.Энхбат хэлэв. 

相关新闻