Улсын аварга малчин И.Баттөмөр мал маллах ухааныг өвөө, эмээгээсээ өвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-07 14:20:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин” болсон Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин И.Баттөмөр, гэргий Б.Цэрэндолгор нарт шагналыг гардуулав. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, сумын Засаг дарга Т.Цэвэлмаа нар гардуулжээ.

И.Баттөмөр бага наснаасаа мал  маллах арга ухааныг өвөө, эмээгээсээ өвлөн, суралцаж, малч удмаа хадгалан уламжлалт мал аж ахуй, ёс уламжлалаа өвлөн тээж яваа  малчдын нэг юм.

Тэрээр малынхаа таваарлаг чанарыг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаар хээлтүүлэгчийн амьдын жин 60-89 кг, эм хонь 55-68 кг, эм ямаа 50-53 кг жинтэй болж, сүүлийн гурван жилд амьдын жингийн гарц дунджаар 3-5 кг-аар нэмэгдсэн байна.

И.Баттөмөр амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг малжуулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд мөн хувь нэмрээ оруулж,  найман иргэнд 500 гаруй мал өгч малжуулан, малчин болгожээ.

Байгалийн гамшиг цагийн бэрхэд отор нүүдэл хийж, сүүлийн 4-5 жилд малын хорогдол гаргалгүй жил бүр малынхаа тоо толгойг нэмэгдүүлж байгаа аж.

И.Баттөмөр 1995 онд “Малд нүдтэй хүүхэд”, 1996 онд “Тэргүүний малчин”, 2011 онд сумын “Мянгат малчин”, 2014 онд “Аймгийн сайн малчин” болж, амжилтаа ахиулсаар 2022 онд ийнхүү “Улсын аварга малчин” хэмээх хүндтэй цолны эзэн болжээ. 

相关新闻