Халдвар хамгааллын дэмлэмээ чанд мөрдөхийг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Омикроны тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богино болохыг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Халдвартай хүн олон хүнд нэгэн зэрэг халдвар тараадаг учир ойрын хавьтал болсон тохиолдолд дараах шинж тэмдэг илэрвэл гадуур, дотуур явалгүй гэртээ өөрийгөө тусгаарлан, өрхийн эмнэлэгтээ хандахыг тус газраас зөвлөв.
Халдварын үед хамраас нус гоожих, нусгайрах, хамар битүүрэх, гунших, хоолой сэрвэгнэх, сөөнгөтөх, хөндүүрлэх, толгой өвдөх, эргэх, манарах, дотор муухайрах, бөөлжис цутгах, үе мөч, булчин нуруугаар өвдөх, янгинах, хуурай ханиах, амьсгал давчдах, бачуурах, халуурах шинж тэмдэг илэрч болохыг мэдээлж байна. Энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийж, дархлаагаа дэмжих, халуун бүлээн шингэн зүйл бага багаар ойрхон уух, чихэрлэг зүйлээс татгалзах, нимбэг, ганга, цагаан гаа, адууны мах, сонгино, сармис, гоньд, хөмүүл, аарцтай шөл, битүү чанарын хоол хүнс хэрэглэх, барагшуун, хунчир, Мана 4, Норов 7, Лидер 7 зэрэг тан уух зэрэг ардын уламжлалт аргаа түлхүү хэрэглэхийг зөвлөлөө.
Мөн ам, залгиурыг өдөрт гурван удаа ариутгалын уусмал, давс, содоор зайлах, өрөө тасалгаа, гэртээ агааржуулалт сайн хийх, гэртээ болон ажлын байранд цэвэрлэгээ хийх, гадаргуу ариутгах нь чухал. Олон хүн цугласан газар очихгүй байх, амны хаалтыг 2 цаг тутам солих, хүн хоорондын зай барих, ажил дээрээ өрөө хэсэхгүй байх, зайгаа барьж суух, нэг дор хоол, цай идэж уухгүй байх зэрэг зөвлөмжийг чанд мөрдөхийг сануулав.