Говь-Угтаал сум бүх нийтийн боловсролыг дэмжих зорилт тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Говь-Угтаал сум 2022 оныг иргэд, төрийн албан хаагчдын
мэдлэг, чадварыг нэмэгдүүлж, хүний хөгжлийг дэмжих замаар хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Бүх нийтийн боловсролыг дэмжих жил"
болгон зарлаж, нээлтээ хийлээ.
Тус сумын ЗДТГ энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хэд
хэдэн ажлыг төлөвлөжээ. Тодруулбал, 2022 онд магадлан итгэмжлэгдсэн “Засагт хан”
дээд сургуулийн салбарыг сумандаа нээж, бакалавр, магистрын сургалтыг хичээллүүлж,
мөн тус сургуулийн багш нар, аймгийн ХХҮГ-тай хамтран хөдөлмөр эрхлэлтийг
дэмжсэн чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах ажээ.
"Бүх нийтийн боловсролыг дэмжих жил"-ийн
нээлтийн ажиллагааны үеэр Монголын лекторуудын холбооны гишүүн, Удирдлага,
шинэчлэлийн академийн багш, доктор Б.Гансүх "Хувь хүний хөгжил, харилцаа,
хандлага" сэдвээр сургалт хийжээ.

