Мал хулгайлах гэмт хэрэг 39.6 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өнгөрөгч онд мал хулгайлах
29 гэмт хэрэг аймгийн хэмжээнд бүртгэдсэн нь өмнөх оноос 19 хэргээр буюу 39.6
хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн илрүүлэлт 77.8 хувьтай байгаа юм.
Мал
хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн хангайн сумдад үйлдэгддэг бөгөөд эрхэлсэн ажилгүй залуус орлого олох зорилгоор мал хулгайлж байгааг аймгийн Цагдаагийн
газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн
хошууч З.Мягмарсүрэн хэлэв. “Хэрэв малчид малаа өдөр бүр хариулж, орой нь
хотлуулдаг байвал гэмт этгээдүүдэд мал хулгайлах боломжийг олгохгүй. Энэ төрлийн
гэмт хэрэг иргэдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалж үйлдэгддэг” гэсэн юм.
Мал
хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Алдуул мал”, “Буянт мал”
хэсэгчилсэн арга хэмжээ, “Мал, мах-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, аймгийн
хэмжээнд таван хяналтын пост, найман хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулжээ. Үүний үр
дүнд Уянга сумын харьяат, эрхэлсэн
тодорхой ажилгүй гурван этгээд малчин Д-ийн нэг тооны малыг хулгайлан нядалж
байхыг, мөн Гучин-Ус сумын малчин Д-ийн 13 тооны адууг аймгийн төв рүү хулгайлан
тээвэрлэж байхыг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Мал
хулгайлах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр малчдын 78 бүлгийг
байгуулж, сумдын ГХУСАЗСЗ-тэй хамтран тогтмол үйл ажиллагаа зохион байгуулсан,
Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран ажиллаж, уулзалт, зөвлөгөөн
хийн иргэдийг эрхзүйн мэдлэг мэдээллээр хангаж ажилласан зэрэг үр дүнгээ өгч,
гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэх зөрчил таслан зогсоож байна.
Сар
шинийн баяр дөхөж, иргэд бууз, ууцаа худалдан авах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн
учраас малчид малаа байнгын хариулгатай байлган сонор сэрэмжтэй хандаж, цагдаагийн
байгууллагатай хамтран ажиллахыг тус албанаас уриаллаа. Түүнчлэн хэрэг, зөрчил,
гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл өгвөл гэмт хэргийг шурухай илрүүлэх, дахин
үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн дэмжлэг болно гэдгийг хэлэв.

