“Арвайн цэцэрлэг” нөхөрлөл 8 мянга гаруй модыг үрслүүлэн зоорилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-06 14:02:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэж, 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан мод үрсэлгээний газрууд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.

“Арвайн цэцэрлэг” нөхөрлөл Тарагт сумын нутаг дэвсгэрт мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг. Одоогоор 6.4 га талбайд улиас, бургас, хайлаас, голт бор, шинэс, буйлс, чацаргана, үхрийн нүд зэрэг арваад төрлийн мод, бут тарьсан байна.

Намар тариалалтаасаа таван төрлийн 8 мянга гаруй модыг үрслүүлэн зоорилжээ. Хавар навч задарч, нахиалахаас нь өмнө борлуулалт хийнэ гэж нөхөрлөлийн эзэд хэллээ. Мөн малын өтөг бууц, чийгийн улаан хорхойг ашиглан органик бордоог өөрсдөө бэлдэн гаргасан байна. Цаашид их хэмжээгээр мод үрслүүлэх хүсэлтэй байгаа ч техникээс илүү ажиллах хүч маш их дутагдалтай байдгийг хэлж байв.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж тус нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд “Мод үрслүүлнэ, тарина гэдэг зөвхөн хоббигоор хязгаарлагдах ажил биш. Үүний цаана томоохон бизнес өрнөж, багагүй ажлын байр хадгалагдаж байдаг. Тиймээс  “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр ажилладаг туршлагатай, ажлынхаа гарааг өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц бололцоонд тулгуурлан эхлүүлчихсэн хүмүүсээ аймаг, орон нутгаас бодлогоор дэмжих ёстой” гэв.

Тэрээр аймаг, сумдын хэмжээнд тарих мод, бутныхаа үрсэлгээг аймгийнхаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс авах чиглэлийг сумдын дарга нарт өгөөд байна.

相关新闻