Ч.Маргад "Оны онцлох" 30 хүүхдийн нэг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн
Сайнцагаан сумын "Цэгц билиг" сургуулийн 12а ангийн сурагч
Ч.Маргад Монгол улсын "Оны онцлох хүүхэд"-ээр шалгарч, Монгол Улсын Ерөнхий сайд, хүүхдийн
төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнээс шагналаа гардан авчээ.
2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд
оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг,
сайн үйлсийн төрөлд онцгой амжилт гарган
эх орноо сурталчилж, үеийнхнээ манлайлсан 30 сурагч-ийг “Оны онцлох хүүхэд”-ээр
шалгаруулсан бөгөөд Ч.Маргад тэдний нэгээр тодорч, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”
төрөлд шалгарчээ.
Ч.Маргад бага ангийн сурагч байхаасаа сайн дурын ажил
зохион байгуулж, 2013-2016 онд Скаутын салаан даргын үүрэгт ажлыг, 2017-2018
онд Өсвөрийн аврагч бүлгэмийн ахлагчаар сонгогдон
ажиллаж байжээ.
Энэ хугацаанд “Эх орон-36” үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлж, сурагчдын эх оронч үзлийг төлөвшүүлэх, чадавхтай иргэнийг бэлтгэх
сургалтыг зохион байгуулж, эмзэг бүлгийн гэр бүл, хүүхдүүдэд туслах, баярлуулах
олон удаагийн сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн байна.
Өсвөрийн аврагч болоод ахуйн осол, гамшгаас урьдчилан
сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадавх олгох “Амар мэндийн анхны алхам” сургалтыг
цэцэрлэгийн багачуудад орж, үе тэнгийнхэндээ байгалийн гамшиг, гал түймэр,
бусад ослын үед өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдад хэрхэн туслах, ямар хариу
арга хэмжээ авах тухай зааж сургасан.
Ахлах ангидаа “Open
mic movie night” ажлыг санаачлан, олсон ашгаараа зорилтот бүлгийн
хүүхдүүдэд туслах аяныг өрнүүлсэн төдийгүй цар тахлын үед хэцүү амьдралтай зарим
айл өрхүүдэд ахуйн туслалцаа үзүүлжээ.
Тэрээр өөрийнхөө санаачилж хэрэгжүүлсэн олон ажлаас Сайнцагаан
сумын 5 сургуулийн хүүхдүүдэд зохион байгуулсан НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 17
зорилт” сургалтыг хамгийн том ажил байсан хэмээн дүгнэж байна.
Ч.Маргад 2021 оны аймгийн “Онцлох хүүхэд”-ээр, улмаар
Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр ийнхүү шалгарчээ.