Аймгийн Замын цагдаагийн тасаг улсад тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн
Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг 2021 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлжээ.
Гэмт хэрэгтэй тэмцэх,
нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласныг
үнэлж, Тээврийн цагдаагийн албаны нутаг дэвсгэр хариуцсан Замын
цагдаагийн нэгжүүдээс “Шилдэг тасаг”-аар шалгаруулан шагналаа.
Тус
албаныхан аймгийнхаа нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахиулах,
урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар
2018-2020 онд зам тээврийн осол, хэргийн тоог 30-45 хүртэл хувиар бууруулж,
зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлсэн байна.
Хяналтын байнгын гурван
постыг улсын болон орон нутгийн 142.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж,
орон нутгийн замд тавих хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хөдөлгөөний аюулгүй
байдлын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулсан
байна.