Тэргүүний уншигчид “С.Буяннэмэх тэмдэгтэн” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан тэргүүний
уншигч хүүхдүүдээ шалгаруулж, “С.Буяннэмэх тэмдэгтэн” болзол хангасан сурагчдад
тэмдгийг гардуулан өглөө.
12 дугаар сарын 22-нд тус номын сангаас “Уншигчдын сүлд
модны наадам”-аа зохион байгуулж, энэ үеэр тэргүүний уншигчдаа ийнхүү алдаршуулсан
байна.
Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх нь тэдний оюун
ухааныг тэлж, зөв хүн болж төлөвшихөд чухал үүрэгтэй байдаг учраас тэднийг номд
дурлуулах зайлшгүй шаардлага байдаг.
Дундговь аймгийн хувьд дээрх зорилгын үүднээс Монголын
орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн
нэрэмжит шагналыг бий болгож, 13 дахь жилдээ олгож байгаа юм.
Аймгийн засаг даргын Захирамжаар олгодог энэхүү хүндтэй шагналыг энэ жил Сайнцагаан, Өндөршил, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Хулд, Говь-Угтаал, Дэлгэрцогт сумаас 1-12 дугаар ангийн 25 сурагч хүртэж, “С.Буяннэмэх тэмдэгтэн” болжээ. Мөн энэ үеэр Говь-Угтаал сумын Соёлын төвийн номын санч Х.Энхтуяа, Баянжаргалан сумын сургуулийн номын санч Д.Эрдэнэтуяа, Говь-Угтаал сумын сургуулийн номын санч Д.Отгонжаргал нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Эрдмийн далай цогцолбор сургуулийн номын санч Б.Хандмаа Соёлын яамны “Жуух бичиг”-ээр, Цагаандэлгэр сумын сургуулийн номын санч Д.Мөнхболор аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулсан байна.



