Гурав орчим километрийн өндөрт агаараас бичил хуванцар илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС. /The Guardian/. Францын Пиренейн нуруунд орших Пик-дю-Миди ажиглалтын төвд далайн түвшнээс дээш 2877 метрийн өндөрт агаараас авсан дээжээс бичил хуванцар илэрчээ.
Тус улсын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн (CNRS) эрдэмтэд 2017 оны зургаадугаар сараас энэ оны 10 дугаар сар хүртэл долоо хоног бүр 10 000 шоо метр агаараас дээж авсан бөгөөд бүх дээжээс бичил хуванцар илэрсэн байна.
Тэд цаг агаарын мэдээг ашиглан агаарын янз бүрийн массын чиглэлийг тооцоолж, бичил хуванцрын эх үүсвэр нь Хойд Африк, Хойд Америкт байгаа болохыг тогтоожээ.
Судалгааны багийн ахлах эрдэмтэн, Канадын Далхаузи их сургуулийн судлаач Стив Аллены хэлснээр, эдгээр бичил хуванцрын хэсгүүд нь агаар мандалд өндөрт гарсан учраас ийм хол явсан байна. Бичил хуванцрууд агаар мандлын хамгийн доод давхаргад ормогцоо агаарын массаар маш хурдан зөөгджээ.
Бичил хуванцруудын эх үүсвэр мөн Газрын Дундад тэнгис, Атлантын далайд байгаа болохыг судалгаа харуулсан байна.
"Далайд буй хуванцар хэсгүүд агаарт маш өндөрт хөөрдөг. Энэ нь бичил хуванцар нь живдэггүй, харин эцэс төгсгөлгүй мөчлөгийн дагуу дэлхийг тойрч байдаг гэсэн үг юм" гэж Аллен ярьжээ.
Хэдийгээр илэрсэн бичил хуванцрын хэмжээ хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй боловч эдгээр нь өчүүхэн жижиг тул хүн амьсгалах боломжтой гэж судалгааг хамтран явуулсан Деони Аллен онцлон хэлжээ. Мөн бохирдлоос ангид ийм газар нутагт илэрсэн нь эргэцүүлэн бодох л асуудал гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Эрдэмтдийн хэлснээр, хуванцрыг гадаад руу илгээх замаар дахин боловсруулах нь буруу стратеги гэдгийг шинэ мэдээлэл харуулж байна. Тэдгээр нь яасан байсан ч эргэж ирнэ.