Өлзийт сум шинэ Соёлын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-20 12:14:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин Н.Дагийранзын нэрэмжит Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

1939 онд Далайн хийдийн суурин дээр анхны соёлын ажлыг явуулж эхэлснээр тус Соёлын төвийн суурь тавигдсан гэж үздэг.

1945 онд улаан гэрийг “Улаан булан” болгон өргөжүүлж, орон тооны эрхлэгч томилон ажиллуулсан бөгөөд 1974 онд шинээр Соёлын төвийн барилга барьж ашиглалтад оруулж байжээ.

Уг барилгыг 47 жилийн дараагаар ийнхүү шинэчилж, тус сум 250 хүний суудалтай, орчин үеийн шаардлагад нийцсэн Соёлын төвтэй боллоо.

Дуу хуураар овоглодог Дундговь түмний бахархал, өв соёлыг тээгч, урлаг, соёлын олон алдартан энэхүү Соёлын төвийн алтан тайзнаас авьяас билэг нь тодорч, амжилтад хүрсэн байдаг.

Энэхүү алтан тайзнаас Ардын жүжигчин 3, Гавьяат жүжигчин 14, 80 гаруй Соёлын тэргүүний ажилтан төрөн гарчээ. Төрийн соёрхолт, зохиолч Долгорын Нямаа, Ардын жүжигчин Н.Дагийранз, А.Нэргүй, А.Дашпэлжээ, Гавъяат жүжигчин Б.Сарантуяа, Б.Сумъяа, Ж.Дүнжмаа, Ц.Чулуунцэцэг нарын үе удам дамжсан уртын дуучид, соёлын салбарын олон авьяастан энэ нутгаар овоглодог.

Тус сумын шинэ соёлын төв нь орчин үеийн стандартад нийцсэн номын сан, үзэсгэлэнгийн танхим, дуу, бүжгийн хичээлийн танхимтай.

Нээлтийн ажиллагааны үеэр шинэ танхимдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд бүтээсэн Дэл уулын гайхамшиг үзэсгэлэнг дэлгэн үзэгчдийн хүртээл болгожээ.

Тус суманд Дэл хөнжлийн уул, Дуут, Сайн Билүүн зэрэг газрууд  эртний сүг зургаар баялаг бол Дэлийн баруун билүүний орчмын 32 хүн чулуу буюу эртний түрэгийн үеийн буган хөшөө, хиригсүүрүүд элбэг. Дэлийн зүүн билүүний хаданд манай эриний 630-аад оны үеийн эртний түрэг бичээс, 660-аад оны үеийн бичээс зэрэг сонирхолтой үзмэрүүд их байдаг.

Тус Соёлын төвийн дэргэд ’’Соронзон’’ ардын театр, 20 морин хуурчтай морин хуурын чуулга, 20 уртын дуучинтай уртын дууны чуулга, язгуур урлагийн ’’Суваргын цуурай’’ ардын язгуур урлагийн хамтлаг, ардын болон цэнгээнт бүжгийн хамтлаг бусад хамтлаг үйл ажиллагаагаа явуулдаг.

2009 онд Монгол Улсын Үндэсний циркэд ’’Өлзийт түмний дуулал’’ концерт тавьж, 2010 онд Дундговь аймгийн хэмжээнд зохиосон Урлагийн наадамд түрүүлж ’’Алтан цом’’-ын эзэн болж, 2010, 2011, 2012, 2013 онд Их газрын чулууны задгай театрт тоглолтоо хийж байж.

2008-2010 онд Сумын тэргүүний байгууллага, 2010 онд Аймгийн тэргүүний байгуулага, 2011, 2012 оны ажлын үзүүлэлтээр улсад 2 дугаар байрт шалгарч байсан төдийгүй, сүүлийн арван жилд системдээ эхний байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн байгууллага юм.

Номын сан 9090 номын фондтой, Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Д.Нямаагийн зохиол бүтээлийн булан, шинэ номын болон сэдэвчилсэн үзэсгэлэнгийн булан ажиллуулдаг аж. 

相关新闻