Жан Клод Юнкер:АСЕМ-ын өмнөх 10 хурлаас энэ удаагийнх хамгийн онцгой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-16 18:04:00

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг дүгнэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Европын Холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо нар “Шангри-Ла” зочид буудалд хамтарсан мэдээлэл хийсэн юм. Үүний дараа тэд гадаад, дотоодын зарим сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өмнөд Хятадын тэнгисийн асуудал болон энэ талаарх олон улсын хууль дүрмийн талаар ярилцсан уу?

-Европын Холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск: Бээжинд болсон Европын холбоо БНХАУ-ын хоёр талын уулзалтын үеэр олон улсын хууль дүрэм, тухайлбал Тэнгисийн хуулийн тухай НҮБ-ын конвенцыг даган мөрдөх асуудлаар ярилцсан. Европын холбоо энэ конвенцын гишүүн бөгөөд бүх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдана гэдэгт итгэлтэй байна. Өчигдөр Европын Холбооны дээд төлөөлөгчийн гаргасан мэдэгдэлд тодорхой байгаа. Энэ асуудлаар Хятадын түншүүдтэй санал нэгдэх амаргүй байгаа ч бидний яриа хэлэлцээ найдвар төрүүлж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид асуулт тавьж байна. Таны үзэж буйгаар өчигдрийн хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас аль нь Монголд хамгийн чухал байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид маш олон асуудал хэлэлцсэн. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Туск тэдгээр асуудлуудыг дурдсан. Мөн уг хурлаас гарсан “Даргын мэдэгдэл”-ээс та бүхэн хэлэлцсэн бүх сэдэв, асуудлуудыг харах боломжтой. Бид “Даргын мэдэгдэл”-д аль болох олон байр суурийг тусгахыг хичээсэн. Энэ удаагийн хурлыг даргалж байсны хувьд бидэн рүү олон талаас хандаж тодорхой сэдвүүдийг тусгахыг олон төлөөлөгч хүссэн. Оролцогч талууд бүгд маш чадварлаг дипломатчууд учраас яриа хэлэлцээ маш эрчимтэй болж, хэлэлцээрт хүрч “Даргын мэдэгдэл”-ийг гаргаад байна. Бүх асуудлуудаар зөвшилцөлд хүрээгүй ч бүгд санал бодлоо илэрхийлсэн. Энэ маш чухал байлаа. Нэмж хэлэхэд АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүн, үйлчилгээний, инженер техникийн, харуул хамгаалалтын, цагдаа хүчний, сайн дурын гээд бүх хүмүүст баярлаж байна. Европын холбоо, бусад бүх улс орны төр, засгийн газруудад хамтарч ажилласанд баярлалаа. Та бүхний тусламжтайгаар энэ бүгд амжилттай боллоо. Өчигдөр нэг залуу надад "Монгол одоо Олимп зохиож чадна" гэсэн. Бид 2050 онд нутагтаа Олимпийн наадмыг зохионо гэж мөрөөддөг. Энэ мөрөөдөлд маань маш том сэтгэлийн дэм, урам өглөө. 

-АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын зохион байгуулсан хурлыг та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер: Би АСЕМ-ын анхны хурал Бангкокт болсноос эхлээд 11 дээд хэмжээний уулзалтад бүгдэд нь оролцсон. Өмнөх 10 удаагийн хуралд оролцсоны хувьд би харьцуулалт хийж болох юм. Монголд болсон энэ уулзалт санал бодлоо чөлөөтэй солилцох боломжийг олгосон, хамгийн үр дүнтэй, онцгой боллоо гэж бодож байна. 100 орчим хоёр талын уулзалт болсон учраас эдгээр өдрүүдэд дэлхийн “хөгжим” Монголд тоглогдож байлаа. Энэ хоёр хоног Монголын нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал боллоо. Уулзалтад ирсэн хүмүүс энд ирэхээсээ өмнө Монгол улс маш том газар нутагтай гэдгийг мэдэж байсан байх. Гэхдээ одоо бол тэд Монгол аугаа ард түмэнтэй, том үндэстэн гэдгийг бүгд харлаа.

-Туркийн талаар асуух гэсэн юм. Турк-Европын Холбооны харилцаанд өөрчлөлт гарна гэж үзэж байна уу? Туркийн талаар баримталж буй бодлогод өөрчлөлт орох уу? Ерөнхийлөгч Эрдогантай холбоо барьсан уу?

-Европын Холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск: Туркийн хувьд бэрхшээл сорилт бий. Гэхдээ үүнийг хэзээ ч цэрэг, зэвсгийн асуудлаар шийдвэрлэж болохгүй. Орчин үеийн нийгэмд цэргийн эргэлт байх ёсгүй зүйл. Ардчиллыг өөр дэглэмээр солих ямар ч боломжгүй. Хуулийн засаглалыг мөн сольж болохгүй. Истанбулын нөхцөл байдал Засгийн газрын хяналтад буй мэт боловч байдал тогтворжих болоогүй байна. Гол зүйл бол энэ хямралын дараа Турк ямар улс болох бол гэдэг нь тухайн улс орны удирдлага хэрхэн ажиллахаас шалтгаална гэж харж байна. Энэ бол зөвхөн Турк бус бүс нутгийн хэмжээний, Европын холбооны Турктэй харилцах харилцааны чухал асуудал. Бидний хувьд Турк манай сайн түнш хэвээрээ байна гэж харж байна. Нөхцөл байдлын үр дагаврыг мэдэхгүй байгаа учир мэдэгдэл хийхэд өнөөдөр хэтэрхий эрт байна. 

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал 

相关新闻