Ц.Мөнхбат: Мэргэшсэн, шударга, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй төрийн албыг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-10 22:49:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021-2025 оны “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн үр дүн ба төлөвлөлт” уулзалт, семинар өнөөдөр аймгийн ЗДТГ-ын “Говь” танхимд боллоо.  

Дундговь аймаг "хүний хөгжил-хөгжлийн гарц" хэмээн тодорхойлж, 2021 онд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн энэхүү уулзалтаар дээрх хөтөлбөрийн үр дүнг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэсэн байна.   

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Манай аймаг Хүний нөөцийн дэд хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, урамшуулал, хариуцлагын тогтолцоо бүхий чадварын тогтолцоонд тулгуурласан мэргэшсэн, чадварлаг төрийн албыг бүрдүүлж, удирдлагын манлайллыг дээшлүүлэх боломж бүрдэж байна.

Дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрт тасралтгүй бэлтгэж, өнөөдөр 65,9 хувьтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэн мэргэшсэн, шударга, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй төрийн албыг бий болгохоор зорьж байна” гээд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, дутагдалтай байгаа боловсон хүчний нөөцийг бий болгох санаачилга болон төрийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдэж буй шийдлүүдийг танилцуулсан юм.    

Дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутагт зайлгүй шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор тус салбарт суралцаж байгаа 35 оюутанд 70,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, уулзалтын үеэр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор Нэгдсэн эмнэлгийн дотор, дотоод шүүрлийн булчирхайн их эмч Ч.Уранбайгаль, “Цэгц билиг” сургуулийн Монгол хэл, бичиг уран зохиолын багш М.Ганбагана нарт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 66 алба хаагчид 40,2 сая төгрөгийн батламж гардуулж, эрүүл мэндийн дэмжлэгийн хүрээнд 2 албан хаагчид нийт 10 сая төгрөгийн тусламж өгчээ.

Уулзалтын үеэр лектор Г.Бандицэрэн, Монголын хүний нөөцийн институцын ерөнхий захирал Б.Бартанбаатар нар хувь хүний болон хүний нөөцийн тухай илтгэл тавьжээ. 

相关新闻