Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг 15 суманд хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-10 22:01:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллого Дундговь аймгийн 15 суманд 12 дугаар сарын 7-нд эхэллээ. Тооллогын ажил мөн сарын 17-нд дуусна.

Өнгөрсөн онд жилийн эцсийн тооллогын дүнгээр тус аймгийн хэмжээнд нийт 3741.1 мянган толгой мал тоолуулсан байдаг. Нийт малын тоонд хонин сүргийн эзлэх хувь хамгийн өндөр буюу 47,9 хувийг эзэлж байсан бол тэмээ хамгийн бага буюу 1.1 хувийг эзэлж байсан.

Малын тоо толгойн өсөлт, бууралтад байгаль, цаг уурын нөхцөл байдал болон малчид хоол хүнс ба амьжиргааны бусад хэрэгцээндээ хэр олон мал хэрэглэсэн байдал ихээхэн нөлөөлдөг юм.

Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг ажээ.

Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтойг мэргэжлийн байгууллагаас онцолж байна. 

相关新闻