Авлигын эсрэг Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-10 08:43:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний Oлон улсын авлигын эсрэг өдрийг Дундговь аймагт  “Таны эрх-Таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.    

Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан Дундговь аймгийн хэмжээнд иргэн бүрт авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор нөлөөг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр жил бүр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшжээ.  

Oлон улсын авлигын эсрэг өдрөөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ “АТГ-аас хоёр жил тутамд хийдэг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний дүнгээс харахад манай аймаг 2019 онд 69.8 хувиар үнэлэгдсэн бол 2021 онд 72.8 хувь болон 3,0 функтээр өссөн байна.

Шударга байдлын үнэлгээний судалгаанд хамрагдсан яам, газар, аймаг, нийслэлийн ЗДТГ гээд 68 байгууллагаас Дундговь 35 дугаарт, аймаг, нийслэлийн ЗДТГ-уудаас есдүгээрт тус тус эрэмбэлэгдсэн байгаа нь та бидний зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн гэдэгт итгэлтэй байна” гээд төрийн үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим хуудасны ил тод байдалд АТГ-аас энэ онд хийсэн судалгаагаар 86.8 хувиар үнэлэгдсэн нь аймгуудаас хамгийн өндөр байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Олон улсын авлигын эсрэг энэ өдрөөр “Шударга ёс”-ыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрийн байгууллагууд үзэсгэлэн гаргаж, хүүхэд залуучууд, иргэд, олон нийтийн дунд “Тик ток” уралдаан, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын дунд “АХА” тэмцээн зохион байгуулсан байна.  

“Тик ток” уралдааны тэргүүн байрт Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 12а анги, дэд  байрт Хүмүүнлэг сургуулийн 9а анги, гутгаар байрт Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12а анги тус тус шалгарчээ.

Төрийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд зохион байгуулсан “АХА” уралдааны тэргүүний байрыг Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Хулан тэргүүлсэн бол МХГ-ын Авто тээвэр өргөх механизмын хяналтын улсын байцаагч Н.Батболд удаалсан байна. 

相关新闻