"Шударга ёс" эвсэл С.Баярцогт сайдын асуудлаар байр сууриа нэгтгээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-01 15:41:55

УИХ дахь Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаан хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв.

Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол, ирэх оны төсөв, мөнгөний бодлого, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Өршөөлийн хуульд тавьсан хориг болон бүлгийн удирдлагыг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж цэц дүгнэсэн. Энэ дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэний дараа С.Баярцогт сайдыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлнэ. Өршөөлийн хуульд тавьсан хориг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ороод ирэг. Түүний дараа асуудлыг тодорхой ярина. Мөн бүлгийн зарим гишүүдийг сайдаар томилсон. Тиймээс бүлгийн дарга нарыг томилох асуудлыг ярих байсан ч хоёр гишүүн гадаадад томилолттой, нэг гишүүн өвчтэй байж таарлаа. Тиймээс бүлэг бүрэлдэхүүнээрээ байх үедээ удирдлагаа томилох асуудлыг ярилцана хэмээн тогтсон" гэв.

-Цэцийн дүгнэлтэд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Олонхийн саналаар шийдэх байх.

-Танай бүлгийн хоёр гишүүн, Ерөнхий сайд болон С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг дэвшүүлсэн. Энэ нь бүлэг дээрээ ярьсан шийдвэр үү?

-Энэ нь бүлгийн шийдвэр, байр суурь биш. Гишүүд өөрсдийнхөө хуулийн хүрээнд санаачлан өргөн барьж байгаа асуудал.

-Энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-Төсөвт нэлээд хэмнэлт хийхээр тусгасан. Төсвийн тодотголд үлдсэн гурван сарын хугацаанд Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтан болон  УИХ-ын гишүүдийн цалинг 30 хувиар хасч цалинг олгохоор болсон гэсэн мэдээллийг хэлсэн. Мөн наймдугаар сарын 31-нээс хойш гэрээ хийсэн,  ажил нь эхлээгүй ажлыг  цуцлахаар боллоо.

Б.Туул

 

 

相关新闻
注释