Нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-24 14:58:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хуралдаанаар вакцины гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх асуудлыг авч хэлэлцлээ.

Мөн хуралдаанаар, Зах, худалдааны төв, төрийн бүх шатны байгууллагад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, дархлаажуулалтын үр дүнгийн талаарх зөв ойлголт мэдээллийг иргэдэд сайтар сурталчлахаар шийдвэрлэв. Аймгийн хэмжээнд болзолт уралдаан зарлаж дархлаажуулалтад өндөр хувьтай оролцсон гурван сумыг шалгаруулан шагнаж урамшуулах, төрийн байгууллагуудын дунд дархлаажуулалтын аян өрнүүлэх ажлыг тус тус нэг сарын хугацаанд зохион байгуулж ажиллахаар тогтлоо.

Ковидын хүндрэл болон нас баралтаас сэргийлэх цорын ганц шийдэл нь дархлаажуулалт болохыг эрдэмтэд хэлж буй. 

Өвлийн улиралд томуу болон “Дельта” хувилбар хавсарсан хүндрэл үүсгэх эрсдэлтэй бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэл өндөр хэвээр байгаа аж. Иргэдийн дархлаажуулалтад хамрагдах хувь хэмжээ нэмэгдэх тусам халдварын тохиолдол буурч, эмч эмнэлгийн ажилчдын ачаалал эрс багасч байгаа аж.

Тиймээс иргэд дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй эсвэл 3 дахь тунгаа хийлгээгүй бол цаг алдалгүй хийлгэж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хүндрэл, эрсдэлээс хамгаалаарай гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байна.

相关新闻