Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 19 бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2021 оны эхний 10 сарын байдлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 19 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үeтэй харьцуулахад 13 хэргээр буурсан үзүүлэлт юм.
Одоогоор хууль бусаар
ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг хамгийн их буюу 11, хууль
бусаар ан агнах хэрэг 6 бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан Ховд аймагт байгаль
орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын
хамтарсан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлгийн
зорилго нь байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн
сэргээх, зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг
бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг сайжруулах, байгаль орчныг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж
байв.
Хэлэлцүүлгийн үeэр
байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, гарц
шийдэл, төсөл хөтөлбөрийн байгууллагатай хамтран ажиллах боломж, сайн туршлагын
талаар мэргэжилтнүүд танилцуулж, танхим болон цахим хэлбэрээр харилцан санал
солилцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүн байгаль
орчны чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус
байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, сургалт сурталчилгаа, хяналт
шалгалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар, хүртээмжийг
дээшлүүлэх боломж бүрдэх юм.
Хэлэлцүүлгийн зохион
байгуулагчаар Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар
хамтран ажиллалаа.