“Сум бүрт” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөл, ЗДТГ-ын ХЭЗХ, Прокурорын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ-тай хамтран “Сум
бүрт” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагаа Дэлгэрцогт сумаас эхэлж, өчигдөр
тус сумын иргэдэд холбогдох хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцан арга зүйн
зөвлөгөө өгчээ.
Энэ үеэр улсын хэмжээнд хэрэгжиж буй “Нуугдмал” нэгдсэн
арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газраас хүүхдийг бэлгийн хүчирхийлэл,
аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг
хангах, ЕБС-ийн сурагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус сумын сургуулийн
сурагчдад “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Цахим орчны аюулгүй байдал, зохистой
хэрэглээ” зэрэг сэдвээр мөн сургалт зохион байгуулж тусламжийн хуудас тараасан
байна.