“Бэрх биш-ээлтэй” нөлөөллийн аян Дундговьд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-13 12:08:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Бэрх биш-ээлтэй” аяны туг аялуулах, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн үйл ажиллагааг Дундговь аймагт 11 дүгээр сарын 12-ны өдөр эхлүүллээ.

Энэхүү аяныг хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, эрх тэгш оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар (ХБХХЕГ)-аас зохион байгуулж байгаа юм.

ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, ТББ, ХБИ-ийн төлөөлөлд чадавхжуулах сургалт зохин байгуулж, тус аймагт шинээр барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцжээ.

Мөн Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн эмч, мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд үзлэг хийж, протез, ортопедийн үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Аяны үйл ажиллагаа энэ сарын 12-ноос 12 дугаар сарын 12 хүртэл үргэлжлэх ажээ. 

相关新闻