Дэлхийн 100 гаруй улс орон метан хийн ялгарлыг бууруулахаа амлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ГЛАЗГО. /CNN/.
АНУ, Европын Холбооны санаачилсан
метан хийн ялгарлыг 2030 он гэхэд 30 хувиар бууруулах дэлхий нийтийн үүрэг амлалтад 100 гаруй улс орон нэгджээ.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен энэ талаар мэдэгдэх үеэрээ, метан хийн ялгарлыг бууруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэлээ. Энэхүү санаачилгад дэлхийн хамгийн их метан хий ялгаруулагч 30 орны 15 нь нэгдсэн байна.
“Бид яг одооноос
холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Метан хийн
ялгарлыг бууруулах нь дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлан тогтоохын төлөөх
хамгийн үр дүнтэй шийдлүүдийн нэг юм” гэж У.Ляйен онцлон хэлсэн байна.
Байгалийн хийн үндсэн
бүрэлдэхүүн хэсэг болох метан нь үл үзэгдэх, үнэргүй хий бөгөөд нүүрстөрөгчийн
давхар ислээс 80 дахин хор нөлөөтэй байна. Метан нь
байгальд галт уул болон ургамлын задралаас
ялгардаг хэдий ч хогийн цэгүүд, мал аж ахуйн салбар болон газрын тос, байгалийн хийн үйлдвэрээс хавьгүй их хэмжээгээр ялгардаг.